ЦАГДААЖСАН УЛС БОЛОХГҮЙН ТУЛД РЕФОРМОО ЯАРАЛТАЙ ХИЙХ ЦАГ БОЛСОН
С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн
2024.08.01

ЦАГДААЖСАН УЛС БОЛОХГҮЙН ТУЛД РЕФОРМОО ЯАРАЛТАЙ ХИЙХ ЦАГ БОЛСОН

Цагдаагийн дөрвөн алба хаагч насанд хүрээгүй хүнд халдсан асуудал гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн цахим хуудастаа “Энэ асуудал үнэн мөнөөр шийдэгдэх ёстой” гэсэн ерөнхий утгатай бичвэр оруулжээ. Гэтэл дугаар бүхий утаснаас “Бичсэн постоо устга” хэмээн дарамтлах маягтай ярьжээ. Тэрээр цагдаагийн гэх тэр хүнд “Монгол хүн үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бас хардах эрхтэй. Бид таны ярьж байгаа зүйлийг бичлэг хийж авна. Та асуултаа давтаад хэлээрэй." гэнгүүт утсаа тасалсан аж. 

С.Эрдэнэболд энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны хурал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуухад; Цагдаажсан улс боллоо гэж иргэд ярьдаг. Гагцхүү хүн амь нас эрсэдсэн дээрх тохиолдол дээр тулгуурлаад ер нь Монгол Улсад хүний эрхийн байдал ямар нөхцөлд байгаа, асуудал ямар түвшинд байгаа вэ гэдгийг олон нийтэд нээлттэйгээр гаргах, цаашлаад шинэчлэлийн хувьд ямар, ямар алхмууд яаралтай хийх ёстой юм бэ? Мөн энэ төрлийн зөрчил дахиж гаргахгүй байх тал дээр ямар боломжууд байна вэ гэдэг маш том өнцгөөр харж, шинэчлэлийг эхлүүлэх ёстой. 

Таван байгууллагын 18 субекть дээрх хэргийн санал асуулгад оролцож байгаа ч бүгд зөрүүтэй мэдээлэл өгч байна. АТГ-ын ажилтан н.Жаргалбаатар “Камер ажиллахгүй байсан, камерын өнцөг өөрчилсөн байна” гэсэн. Гэтэл хүний эрхийн байгууллагын төлөөл үүнийг “Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал” гэж дүгнэсэн байна. Хурандаа н.Сүхболд 266 камертай байх ёстой ч технологийн боломжоос 253 нь ажилласан гэлээ. Тэгээд эдийн засгийн боломжоос болж өөрийн өрөөндөө авч байна, гэхдээ хоёр гэрч байлцуулна гээд. Гэх мэтээр зөрж байна. 

Хууль зүйн асуудлын реформ гэхээсээ илүүтэй цагдаагийн шинэчлэлийг яаж хийх вэ? Өмнө нь Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаасан хүнийг орой мэдээ гарангуут түүнийг үл бүтэх хүн байсан юм гэсэн утгатай мэдээ гарч байх жишээтэй. Маш олон тохиолдлууд дээр ЦЕГ-ын мэдээлэлд нь хохирсон хүнийг буруутгах өнцөг гаргахуйц нөхцөл байдлыг үүсгэдэг. 

Үүнээс нь болоод нийгэм хоёр, гурав хуваагддаг, үзэн ядалтууд явагддаг. Тэгээд хэн нэгэн хүнийг гэм буруу нь тогтоогдоогүй байхад нийгмийн цахим сүлжээнд яллачихдаг. Тэр уур амьсгалыг дагаж хууль, хүчний байгууллагууд шийдвэр гаргах магадлал асар өндөр болчихдог. Нөгөө хууль нь хэлбэржилтгүй хэрэгжих, дабль стандартгүй байх, ялгамжгүй байх юм нь алдагдах гээд байдаг. Нэг албан тушаалтныг халснаар асуудал шийдэгдэхгүй.

Тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай. Тогтолцооны өөрчлөлт хүнээс эхэлнэ. Тэр хүний хандлага. Хариуцлага тооцохгүй байдал эргээд ирээдүйд хардлага төрүүлнэ. Ингэснээр төрдөө итгэхгүй болж, ардчилалын чанар унадаг. Цагдаажсан улс болохгүйн тулд реформоо яаралтай хийх цаг болсон.” гэсэн юм.