МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГИЙН ХӨГЖИЛ ӨНӨӨДӨР БАРААН БАЙВ Ч ИРЭЭДҮЙ ӨНГӨТЭЙ БАЙХАД ИТГЭДЭГ
УДЭТ-ын Найруулагч, “Орфей” театр фильмийн үүсгэн байгуулагч М.Батболд
2024.06.26

МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГИЙН ХӨГЖИЛ ӨНӨӨДӨР БАРААН БАЙВ Ч ИРЭЭДҮЙ ӨНГӨТЭЙ БАЙХАД ИТГЭДЭГ

Монголын театрын найруулгын дэг сургууль Москвагаас, хуучнаар Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн сургууль буюу одоогийн ГИТИС-ээс эхтэй юм. Шинэ нийгэмд шилжээд Оросод хуучны олон зүйл орвонгоороо эргэсэн ч ГИТИС дэлхийн театрын урлагийн нэгэн төв, ертөнцийн өнцөг булангаас авьяастнууд зорин ирдэг хэвээр. Тэнд “хэрэв чадахгүй бол хаалгаа гаднаас нь хаа” гэх урлагийн хатуу ганц зарчим л үйлчилнэ. 150 жилийн буурал түүхт Театр урлагийн академи нь, мэргэжлийн найруулагч бэлтгэх академик сургалтын программыг үүсгэсэн. Энэ нь тусгай мэргэжлийг “төгс” эзэмшүүлэхэд оршино. Ингэхдээ, зөвхөн лекц, консфект өгөөд зогсох бус оюутны хандлага, авьяас мэдрэмжид нь тулгуурлан эрэл хайгуул хийлгэснээр бүтээлч хандлагыг гүн бат суулгадаг. Нэг ёсондоо, маш хатуу сургалтуудын үе шатуудыг туулан, тэмцэл, тэвчээр, зүтгэлийн шимээр сургалтаас сургалтын хооронд боловсорч гэмээ нь “мэргэжлийн найруулагч” болох хандлага руу нь аваачдаг гэж ойлгож болно.

БОГИНО ХУГАЦААНД БАЙГАА ОНОСОН ШИЙДЭЛ ГАРГАЖ, ТҮҮНИЙГЭЭ БОЛОВСРУУЛАХ НАЙРУУЛАГЧИЙН УР ЧАДВАРЫГ “АКАДЕМИК БОЛОВСРОЛ” СУУЛГАСАН

ГИТИС-д элсэхийн тулд, бүтэн нэг жил бэлдсэн. Үүний хүчинд 3500 орчим хүнээс аравт багтаж тэнцсэн цаг үе нь 2012 он байсан юм. “Найруулагчийн дипломыг нь авчхаад ирье” гэсэн бодолтой, тас харанхуй, өөртөө итгэлтэй Москвад хөл тавьсан би, эхний хоёр жилээ “шал арчив”. Ярилцаж дотроо нээх хүнгүй, ганцаардмал монгол залууд
өөртөө итгээд махрах, эсвэл бүхнийг орхиж, чадахгүйтэйгээ эвлэрээд эх орон руугаа буцах хоёр л сонголт байсан. Ийн, ГИТИС-ийн эхний хоёр жилээ галзуурахын наахнуур өндөр ачаалалтай өнгөрөөж, найруулах урлаг гэгчийг тэгээс нь эхлэн суралцах тусам өөрийгөө ямар харанхуй, тэнэг явснаа, сэтгэлгээ хэдэн зуун жилээр хоцорсныг ойлгосон жилүүд байсныг нуух юун. Ингээд, хоёр жил шүд зууж зүтгэсэн гүргэр монголыг гуравдугаар курсээс хүмүүс тоож, дөрөвдүгээр курсээсээ шилдэг оюутнуудын тоонд багтаж, төгсөх курстээ И.В.Ф Гётегийн “Фауст”-ыг тайзнаа тавьж, дипломоо амжилттай хамгаалсан цаг үе нь 2018 он байв. Театрын урлагийн хөгжлийн гол хөшүүрэг нь үзэгч.

Сүүлийн жилүүдэд манайд олон тооны театр үүссэн нь сайшаалтай ч, үзэгч маш бага байна. Энэ нь үзэгчид театраас ямар сэтгэл ханамж, ямар хөгжил дэвшил, мэдрэмж авахаа бүрэн ухамсарлаагүй. Хамгийн наад зах нь сэтгэл зүрхний боловсрол гэгчийг авах ёстой атал үүнийг тэр бүр ойлгодоггүй. Монгол Улсад, сэтгэл зүрхний боловсрол буюу хүнийг хайрлах, хүндлэх, өрөвдөх нарийн мэдрэмж байхгүй нь театрын урлаг хөгжөөгүйтэй шууд холбоотой. Дэлхийн сонгодог уран зохиол, шилдэг роман уншиж, түүнээсээ баяр жаргал, уйтгар гуниг, хайр харуусал гээд сэтгэлийн зүрхний олон талт мэдрэмжийг авах “хандлага” байхгүй нь харамсалтай. Сэтгэл зүрхний боловсрол доод түвшинд буй хүмүүс зөвхөн хар амиа боддог. Хүн бүр хар амиа бодон алхаж яваа цагт нийгэм маань яаж хөгжих билээ. Яахав, нөгөө талдаа, мэргэжлийн театрын урлагийг ойлгон мэдэрч хүлээн авдаг, хөгждөг үзэгчид байгаа ч маш цөөн. Эдгээр цөөн үзэгчийн хүрээнд хувийн театрууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Монголын театрын урлагийн хөгжил өнөөдөр бараан байж болох ч, ирээдүй өнгөтэй байна. Учир нь, залуу үеийнхэн театрын урлагийг хүлээн авч, мэдрэх таашаах, өнцгийг олоод харчихсан. Гагцхүү тасалбар худалдан авах санхүүгийн эрх чөлөөнд хараахан хүрээгүй дөнгөж л ЕБС, Их сургуулиа төгсөж байна. Иймд, ирээдүй үе ээ урин дуудаж, залуу үзэгчдийг театрын урлагт улам шунан дурлуулах, төлөвшсөн үзэгч болгох чиглэлд бид анхаарал хандуулах нь зүйтэй.

Монгол Улсад их хэрэгтэй нь “Театрын урлаг” гэдгийг ойлгож мэдэрсэн хэдхэн залуус, бор зүрхээрээ зүтгэж байна

Барууны улс оронд, тухайн бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр ашиг орлогынхоо 10 орчим хувийг нь урлагийн соёлынхоо хөгжилд дэмжлэг болох үүднээс зарцуулдаг. Энэ нь бүр хэвшил болчихсон байх жишээний. Мөн уран зургийн галерей, театр, бичил хэмжээний аркестор зэргийг хувийн хөрөнгөөр байгуулсан сайн жишээг ч дурдаж болно. Харин манайхан “их мөнгийг яаж бүр их болгох уу” гэдэгт фокусладаг. Эсвэл мөнгөжөөд ирэхээрээ “морь” авдаг. Болохгүй, бүтэхгүй асуудал бүрийн цаана “төр” байна гэхээсээ, бүхий л салбарт бизнес эрхлэгчид оролцоотой байгаасай. Театрын урлагийн сайн сайхан, нийгэмд үзүүлэх эерэг ач холбогдлыг ойлгоод ирэхээр анхаарал хандуулна гэж итгэж байна. Тэр сайн цаг иртэл нийгэмд, уран бүтээлээрээ дугарч “гүүр” болохын сацуу Монголын театрын урлагийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд няцахгүйгээр хичээн зүтгэх болно

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан