Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ
2024.05.29

Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ

СОНСГОЛ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙД 800 АЙЛД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЖЭЭ

Шинжээчийн дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлсэн зөрчил байгаа аж. Энэ асуудалтай холбогдуулж гэрч нараас хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Иргэдийн өмчлүүлсэн газар дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоныг мэдсэн үү.. Ашигт малтмалын лиценз олгохдоо сум, багийн иргэдийн нийтийн хурал, Засаг даргаас зөвшөөрөл авдаг уу. Иргэд өмчилсөн газар дээр мэдээлэл ирүүлээд байхад лиценз олгочихдог юм уу. Уялдаа холбоо байна уу?

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн:

-Миний хувьд 2013 оны аравдугаар сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдоод 2016 оны долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. 800 иргэнд газар өмчлүүлэх Засаг даргын захирамж нь миний ажиллаж байсан цаг үетэй давхцахгүй учраас би мэдэхгүй. 200 айлын газрын өмчлөлийг миний өмнөх Засаг дарга шийдвэрлэсэн байсан. Үлдсэн 600 иргэний газар өмчлөлийг миний дараа Засаг даргаар томилогдсон Батсуурь дарга шийдвэрлэсэн байдаг юм билээ. Би мэдэхгүй. Хамааралгүй хүнийг дуудаж, сонсголд гэрчээр оролцуулсан нь иргэдэд буруу ойлголт төрүүлэх учраас анхаарч үзэхийг хүсч байна.

Ашигт малмтал газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

Ашигт матлмалын тухай хуулиар орон нутгаас буюу баг, сум иргэдийн нийтийн хурлаас санал авах хуулийн зохицуулалттай.  Тус хуулийн зохицуулалтын хүрээнд өргөдлөөр олгох шатанд буюу 2006 оны хууль батлагдсанаас хойш сонгон шалгаруулалтад шилжих хүртэл хугацаанд тухайн өргөдөл бүр дээр орон нутгаас санал авдаг байсан. Сонгон шалгаруулалтын явцад Засгийн газрын тогтоол батлагдах түүнээс өмнөх шатанд мөн баг иргэдийн нийтийн хурлын саналыг 45 хоногийн хугацаанд авдаг. Үүний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох процедур явагдаж байгаа. Кадастрын бүртгэлийн давхацлын асуудал байгаа. Говьсүмбэр аймаг дээр гарсан давхцал нь шүүхийн маргаантай явж байгаа үйл баримт учраас дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй байна.

Шинжээч:

-2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргаас санал авсан байх учиртай. Ашигт малтмал газрын тосны газраас энэ асуудлаар тайлбар хүсэхэд санал авсан гээд байгаа. Санал авсан байхад яагаад энэ олон иргэдэд газар өмчлөв гэдэг асуудал үүсээд байгаа.

Ашигт малтмал газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-Говьсүмбэр аймгийн тухайд 2000 оны эхээр ашигт малтмалын хайгуулын лиценз нь олгогдсон байдаг юм билээ. Тэр цаг хугацаанд тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдөх процедур нь хийгдсэн. 1997 оны хуулиараа саналыг нь орон нутгаас авсан үйл баримт тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байдаг. Тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын өргөдлийг 2015 онд гаргасныг тухайн үеийн Кадастрын дарга чиг үүргийнхээ хүрээнд шийдсэн асуудал байгаа. Тэгэхдээ энэ асуудал нь давхцалыг үгүйсгээгүй. Аливаа нэг хэлбэрээр давхцал байгаа. Цаашдаа Монгол Улс кадастрын бүртгэлийн нэг системийг хийх ёстой. Хийхгүйгээр ийм маргаан гарахгүй гэх баталгаагүй. Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын газрын тосны газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран кадастрын бүртгэлийг нэг системд шилжүүлэх ажиллагааг хийгээд явж байгаа.

Говьсүмбэр аймгийн Барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан н.Тамир:

-Эхний 200 газрыг иргэдэд өмчлүүлэхэд ашиглалтын лиценз байгаагүй. Хайгуулын зөвшөөрөлтэй байхад анхны 200 иргэнд газрыг олгосон. 2016, 2017 онд газрыг олгоход ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Гэхдээ Ашигт малтмал газрын тосны газраас энэ мэдээлэл ирээгүй байсан. Тийм учраас иргэдэд газар өмчлөх ажиллагаа явуулсан.

Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Чинбаатар:

-Тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Засгийн газраас тогтоосон талбай гэж байсан. Өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох талбайг Засгийн газраас тогтоосон. Үүний үндсэн дээр  тогтоосон талбайд өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгож байсан. Тусгай комисс гаргаж, давхцлыг нь арилгаж тогтоосон гэж ойлгож байгаа. Бидний хувьд тогтоосон талбайд нь тусгай зөвшөөрөл олгосон. Тэр нь давхцалтай байсан бол давхцлыг гаргах ёстой. Ашигт малтмалын кадстрын мэдээллийн санд тухайн үед төрөөс тогтоосон талбайд давхцал байхгүй учраас тусгай зөвшөөрөл олгосон гэнж ойлгож байгаа. Давхцалтай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

Сонсголыг өндөрлүүлээд байна. Сонсгол маргааш үргэлжилнэ.