Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2024.02.22

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2024.02.21-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичигт ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн үйл ажиллагааг дээшлүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ёс зүйг баримтлан комплаенсыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм.

Тус арга хэмжээнд ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа, МҮХАҮТ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Долгормаа, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар байлцлаа.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв нь МҮХАҮТ, “Рио Тинто Монгол” ХХК болон “Транспэрэнси Интернэншл” ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2021 онд анх үүсгэн байгуулагдсан байна. Тус төв нь бизнесийн орчинд хариуцлагатай, ёс зүйтэй, шударга, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор сургалт, зөвлөх үйлчилгээ, цахим ном сан, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, эрх зүйн орчныг боловсруулах, төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН-ийн компанийн засаглалыг сайжруулах, төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулдаг уламжлалтай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан