2023.12.30

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУВИЛАГЧ НАРЫГ БНСУ-Д МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын уршгаар эмнэлгийн ажилтнууд тэр дундаа сувилагч нар сургалтад хамрагдах нь цөөрч, бараг зогсонги байдалд ороод байсан.

Иймд олон улсад эмчилгээ, сувилгааны шинэ технологи нэвтэрч байгаатай холбоотойгоор өндөр хөгжилтэй орны сувилагч нартай мөр зэрэгцэн суралцах боломжийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор санаачлан бодит ажил болгож байна. 

Тэрээр Сэлэнгэ аймгийн 300 гаруй сувилагч нарыг БНСУ-д богино, дунд болон урт хугацааны сургалтад хамруулахыг зорьж, 3 талт гэрээг үзэглэсэн билээ.

Ийнхүү энэ хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж Сэлэнгэ аймгаас эхний ээлжид мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх 25 сувилагч тодорч, тус улсыг зорихоор боллоо. Ингэснээр Сэлэнгэ аймгийн эмнэлгийн ажилтнууд дэлхий нийтээр даган мөрдөж буй нотолгоонд суурилсан сувилахуйн чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц эмнэлгийн үйлчилгээг хүн ардад үзүүлнэ. 

Энэхүү түүхэн хуудсыг нээхэд хамтран ажиллаж байгаа Эрүүл мэндийн яам, Сэлэнгэ аймгийн удирдлагуудад талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Онцгойлон 1971 онд байгуулагдсан 50 жилийн түүхтэй БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуулийн удирдлага хамт олон, тэр дундаа тус сургуулийн профессор Жон Дэ Бум захиралд Сэлэнгэ аймгийн нийт иргэд болон хүн ардын төлөө эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа 1500 гаруй эмч эмнэлгийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын хэмжээнд анх удаа нэг аймгаас 25 сувилагч БНСУ-ын сувилахуйн ухааны ТОП-4 сургуулийн нэгт мэргэшихээр эх орноосоо мордоход бэлэн боллоо.

Цаашид Монгл Улсын Засгийн газраас БНСУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн 1000 эмч, сувилагч, судлаач, мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа хийх төсөл болж, улам өргөжиж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Монгол- Солонгосын Парламентын бүлгийн даргын хувиар энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхээр түүчээлэн ажиллаж байна. 

Ингэснээр гарах гол үр дүн: 

1. Монгол Улсад бэлтгэгддэггүй, нэн дутагдалтай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр хангана.
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, гадагшаа явах урсгал буурна.
3. Төгсөлтийн дараах сургалтаар эмч, сувилагч, эмнэлгийн өндөр ур чадвартай мэргэжилтэн чанартай бэлтгэнэ.
4. Анагаахын шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацыг бий болгож нутагшуулна.
Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт бөгөөд хамгийн гол нь ард иргэд найдвартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn