“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12

“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр /2023.12.12/ боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Санхүү ба татварын реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, НӨАТ-ын бүртгэлийн тогтолцоог сайжруулахаас татварын шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлсөн боловч цаг хугацааны хайчинд ороод амжсангүй. Тиймээс шууд нийтийн санхүүгийн шинэчлэлээс татварын реформыг эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал, төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагааг зогсоох ёстой. Өнөөдөр манай улсын эдийн засаг импорт, халамж, хос алдагдал, зээлийн хүүний дарамтад орсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцуулсан.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс татварын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэв. Тэрбээр, Монгол Улсын татварын ачааллыг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагуудын гишүүн болоод гишүүн бус улсуудын дундажтай харьцуулан судлахад дунджаар гишүүн бус орнуудын үзүүлэлтээс дунджаар 5,6 функтээр их байна. Энэ нь манай улс татварын ачааллаар дундаж улс гэдгийг илэрхийлж байна гээд татварын бодлогын нөлөөллийг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нэмэгдэж тэлэх, татварын бодлогын нөлөөллөөр татварын орлого нэмэгдэж байна. Татварын орчны өөрчлөлтүүд нь татварын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөд нөлөөлөх байдлаар бууруулж ирсэн.

Далд эдийн засаг өндөр байгаа нь шударга татвар төлөгч байгууллага, хувь хүнд татварын дарамтыг нэмэгдүүлж байх магадлалтай гэв. Мөн МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар 2023 оны бизнесийн орчны судалгаа болон татварын орчны талаар илтгэл тавьсан. Түүний дараа хэлэлцүүлэгт оролцож буй бизнес эрхлэгчид татварын орчныг шинэчлэх талаар санал бодлоо илэрхийллээ.Тухайлбал, “Өлзий төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд татварын реформыг хийх нь чухал. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй учраас эдийн засаг зөв гольдролдоо орж чадахгүй байна. Нэн тэргүүнд эх орондоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэсэн бол Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, манайд 422,5 мянган иргэн хүнсний сүлжээнд ажиллаж байна.

Түүхий эдээ хил гаалиар оруулахаас эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах улмаар хэрэглэгчдийн гарт очих хүртэл шат дараалсан, давхардуулсан татвар төлж байгаа нь бидэнд том дарамт болдог. Мөн татварын дарамт, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан сүүлийн үед олон үйлдвэрлэгчид дампуурч эхэллээ. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулснаар татварын шинэчлэл эхэлнэ гэж үзэж байна гэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Мөн ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогыг танилцууллаа.

Уулзалтад Ажлын хэсгийн гишүүд болох Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцлоо