Л.Энхтуяа:

Нүүдлийн МАА-г органикт шилжүүлэх гарц нь тусгай хамгаалалттай газар нутгийн МАА-г органикт шилжүүлэх юм


5 минут уншина
Л.Энхтуяа: Нүүдлийн МАА-г органикт шилжүүлэх гарц нь тусгай хамгаалалттай газар нутгийн МАА-г органикт шилжүүлэх юм
Л.Энхтуяа “Органик Хөгжил” ТББ -ын Гүйцэтгэх захирал, “Органик фарм” үүсгэн байгуулагч

Хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаануудын нэг нь байгалийн бус аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ болох нь нотлогдсон. Үүнтэй холбоотой дэлхийн улс орнууд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичигтэй уялдуулан хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө байгаль орчинд ээлтэй, уламжлалт арга барилд суурилсан, дэвшилтэт технологи ашиглан ЭРҮҮЛ ОРГАНИК ХҮНС үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байна.

Манай улс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас бие даасан Органик хүнсний тухай хуулийг баталсан. Дагалдаж дүрэм журмуудыг 2018 он гэхэд баталж дууссанаар органик хүнсний хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно.

Төр засгаас хүн амыг эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хангах асуудал, органик үйлдвэрлэл, органик хүнс үйлдвэрлэх асуудалд сүүлийн 10 гаруй жил анхаарал хандуулж байгаа боловч үр дүн муутай байгаа нь үйлдвэрлэгчийг дэмжсэн бодлого, хэрэглэгчийн мэдээлэл хангалтгүйн улмаас органик үйлдвэрлэл эрхлэгч болон органик хүнсний бүтээгдэхүүний тоо, хэмжээ өнөөдрийг хүртэл төдийлөн өсөхгүй байгаагаас тодорхой харагдаж байна. Харин МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг баталсан нь хүнсний, түүн дотроо органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болов уу?, 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт, мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилсан “Органик Хүнсний бүтээгдэхүүн”-ий хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх асуудал хаврын чуулганд дэмжигдэж байгаа зэрэг нь органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэлээд нааштай алхам болох болов уу гэж найдлага төрүүлж байгаа юм.

Гэвч ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органикд хүргэнэ гэдэг хир бодитой вэ? Үйлдвэрлэгчид органикт шилжихэд бэлэн үү? Баталгаажуулалтын байгууллагууд хир хангалттай байна? Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх төрийн байгууллага хүртээмжтэй юу? гэх мэт маш олон асуултын хариу тодорхой бус байна. Жишээ нь газар тариаланг авч үзье, Органик хүнсний үйлдвэрлэлд тариалангийн талбайн байршил чухал нөлөөтэй. “Органик үйлдвэрлэлийн хууль” тогтоомжийн шаардлагад нийцүүлэн Органик газар тариалан эрхлэхийн тулд маш том талбайг органик бус газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, хот суурин газраас тусгаарлах шаардлага үүсэхээр байгаа юм.

Ялангуяа газар тариалан эрхэлж буй талбайг бүс нутгаар нь авч үзвэл хүн амын суурьшил өндөртэй, уул уурхай эрчимтэй хөгжиж буй бүс нутгуудад газар тариалангийн талбайн дийлэнх хэсэг нь оршиж байгаа нь цаашид ХАА-н органик хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зөрчилтэй асуудал болох нь харагдаж байна. МАА-г авч үзье. Хэдийгээр бидний дунд харьцангуй цэвэр, байгалийн унаган төрхөө хадгалсан бэлчээрт уламжлалт аргаар малласан МАА-н гаралтай бүтээгдэхүүнээ экологийн цэвэр, органик байна гэх ойлголт түгээмэл байдаг боловч МАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын хууль тогтоомжид заасан органик мал аж ахуйн үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа юм.

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд МАА-н гаралтай органик бүтээгдэхүүн бусад төрлийн органик бүтээгдэхүүнээс бага байгаа нь Органик хүнсний журмын зарим заалтуудын / “Мал амьтныг байгалийн бэлчээрт уламжлалт аргаар маллах, байгалийн болон тарималжуулсан органик бэлчээрт жилд 120 хоногоос дээш хугацаанд бэлчээж, бусад хугацаанд энэ журамд нийцүүлэн байран маллах замаар органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхэлнэ”, “Органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг органик бус мал аж ахуйн үйлдвэрлэлтэй нэг дор хавсарч, тусгаарласан, эсхүл зэрэгцээ байдлаар эрхлэхгүй.”/ хэрэгжилтийг хангахад хүндрэлтэй байдгаас үүдэлтэй.

Бас нэг асуудал бол зах зээлд хуурамч Органик бүтээгдэхүүнээс баталгаажсан органик бүтээгдэхүүнээ хамгаалж чадахгүй байна.

Иргэдийн органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хандлагыг ашиглан баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, “ХУУРАМЧ ОРГАНИК” бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байсаар байна. Ер нь бол органикт тулгарч байгаа энэ мэт маш олон асуудлыг шийдсэн дорвитой алхам хийхгүй бол “2017он гэхэд УБ метротой болно”, “2022 онд УБ гэр хороололгүй болно”, “2011 он гэхэд утаанаас сална” гэдэг шиг хоосон уриа болоод өнгөрөх вий.

Миний хувьд органик хүнс үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл, тэмүүлэлтэй нөхдийн хамт “Органик Хөгжил” нэртэй Хамтын Баталгаажуулалтын Байгууллага байгуулж хэрэглэгчдэд болон үйлдвэрлэгчдэд Органикийн талаар мэдлэг мэдээлэл олгох гишүүн байгууллагынхаа бүтээгдэхүүнийг органикаар баталгаажуулах зэрэг ажлуудыг хийж байна. “Ээлтэй хөгжлийг дэмжиж, эх дэлхийгээ хайрлая” уриатай ажилладаг манай байгууллага өнгөрсөн хугацаанд Гэр гарден органик ХХК-ий нарийн ногоо, Түмэн шувуут ХК-ий шувууны сангасан бордоо, Протэйн Монголиа ХХК ийн ясны бордоо, Монпеллетс ХХК-ий хонины ноосон бордоо зэрэг бүтээгдэхүүнүүдэд органик баталгаажуулалт хийж, Органик хүнсний бүртгэл мэдээллийн системд (www.organic.gov.mn) бүртгүүлэн, албан ёсны органик шошгыг олгууллаа.

  • Гэр гарден органик ХХК нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэр бүлийн аж ахуй бөгөөд манай улсын ЦОРЫН ГАНЦ баталгаажсан нарийн ногоо үйлдвэрлэгч юм.
  • Түмэн шувуут ХХК-ий шувууны сангасан бордоо, Протэйн Монголиа ХХК ийн ясны бордоо, Монпеллетс ХХК-ий үйлдвэрлэдэг хонины ноосон бордоо зэрэг нь хэрэглэхгүй хаягдсан түүхий эдийг органик бүтээгдэхүүн болгосон төдийгүй ХОГ ХАЯГДЛЫГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИОР ДАХИН БОЛОВСРУУЛСАН давуу талтай.

Хонины ноосон бордоо нь Европын холбоо, АНУ-ын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтаа авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, экспортод гарч буй МОНГОЛЫН АНХНЫ ОРГАНИК БОРДОО болсон юм.

Эх орны үйлдвэрийн органик бордоотой болно гэдэг эрүүл хүнс, эрүүл хөрстэй болохын эхлэл. Учир нь Органик бордоо хөрс болон ургамлаа зэрэг борддог бол химийн бордоо зөвхөн ургамлаа бордох ба улмаар урт хугацаанд хөрсний доройтолд оруулдаг.

Мөн манай байгууллага УИХ-аар хэлэлцэж буй “Органик хүнсний бүтээгдэхүүн”-ий тухай хуульд манай улсын хувьд экспортлох боломж өндөр органик бордоо, тэжээл, түүхий эдийг тусгах зэрэг хэд хэдэн чухал санал орууллаа. Энэ хуулийн зүйл, заалт бүрийг хөрсөн дээр бууж, ажил хэрэг болохуйцаар боловсруулан баталж, хэрэгжүүлэх үлдэж байна.

Органик хөгжил ХББ-ийн зүгээс “ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органикд хүргэнэ” гэдэг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хаанаас эхлэх вэ? гэдэг дээр дараах саналтай байдаг.

Үүнд:
Юуны түрүүн газар тариалангийн том компаниудыг органикт шилжүүлэхээс илүүтэйгээр жижиг аж ахуй нэгжүүдийг олноор нь органикт шилжүүлэх нь үр дүнтэй.

Нүүдлийн МАА-г органикт шилжүүлэх нь малчдын амьжиргааг сайжруулах, хүрээлэн буй орчин, бэлчээрийн даац, биологийн төрөл зүйлийн хамгаалах ХОС АСУУДЛЫГ ДАВХАР шийдвэрлэнэ. Үүнийг “Тусгай хамгаалалттай газар нутаг”-ийн мал аж ахуйг ОРГАНИКТ ШИЛЖҮҮЛЭХ-ээс эхлэх хэрэгтэй. Бүр хуульчлах хэрэгтэй. Энэ нь МАА-г органикт шилжүүлэх ГОЛ ГАРЦ гэж харж байна.

ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙГ НЬ “FARMHOUSE RETREAT”



Тэрэлжийн хавирган хадны энгэрт байрлах “Farmhouse retreat” амралтын газар зочдоо өөрсдийнхөө тарьж, ургуулсан органик ногооны төгс амттай хоол, алжаал тайлж, эрч хүч сэлбэх ургамлын цайгаар дайлж, органик хүнсний үнэ цэн, нууцыг танд мэдрүүлнэ.

Нүд баясгам цэцгийн хүлэмжид зочилж, хөөрхөн бяцхан үрстэйгээ амьтдын ертөнцөөр аялж, энгийн болон люкс өрөө, монгол гэрээс сонголтоо хийж хайртай хүмүүстээ хамгийн сайныг зориулж, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээгээрэй.

Хаяг: Gorkhi-terelj, Khavirgan khad, Nalaik duureg 6-khoroo
Page: farmhouse Retreat
Утас: 9493-6939