ҮББХ-ны хуралдаанаар төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2023.06.14

ҮББХ-ны хуралдаанаар төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023.06.13/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд төсвийн тодотголын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан болохыг Х.Булгантуяа сайд танилцуулав.

Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрээгүй болохыг Х.Булгантуяа сайд танилцуулсан.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус Байнгын хорооны гишүүд санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.