2023.04.20

С.Чинзориг: Улсын төсвөөс намуудад санхүүжилт олгохыг зааглах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Төр тунгалаг байх, нийгэмд шударга ёсыг тогтоох, авлига хээл хахуулаас ангид байх бүхний үндэс нь улс төрийн намын үйл ажиллагаа юм. Улс төрийн намын үйл ажиллагаа харилцаа холбоог зохицуулсан хууль тогтоомж нь тодорхой, боловсронгуй байхтай шууд хамааралтай. Эл хуулийн төслийг харахад дотоод ардчилалыг хөгжүүлэхтэй холбоотой, санхүү тайлан ил тод, аудит хийлгэдэг байх зэрэг асуудал орж ирж байгаа аж.

Улс төрийн намуудад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь парламентад суудалтай намуудад байх юм уу? Хоёр хувийн санал авсан бол санхүүжилт олгоно гэжээ. Сонгогчдын хоёр хувиас дээш санал авсан нам нь авах асуудал юм уу? Үүнийг тодорхой заагламаар байх юм. Миний хувьд парламентад суудалтай нам нь л санхүүжилт авах нь зүйтэй гэсэн бодолтой байна.

Мөн хэд хэдэн тоо, зөрчилтэй юм харагдаад байна. Намын нэрээр сонгуульт албан тушаалд сонгогдох, томилогдох албан тушаалтнууд аль нэг хүйсийн төлөөлөл нь 30%-аас доошгүй байна гэж 8.2-д заажээ. Гэтэл 17.6-д намын төв болоод удирдах байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40% гэжээ. Яагаад хоёр өөр тоо байна вэ? Аль нэг тоогоор нь авч үзэж болохгүй юм уу?

Намын судалгаа, шинжилгээний байгууллагатай байх юм байна. Одоогоор намууд дүрмээрээ эмэгтэйчүүд, ахмад, залуучуудын гээд төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бүтцүүд бий. Энэ хууль батлагдвал эдгээр намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаа байхгүй болох уу?

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  хариуллаа.