ХААИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтаар хэд хэдэн "БОЛОМЖ"-ийг танилцуулав
2023.04.05

ХААИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтаар хэд хэдэн "БОЛОМЖ"-ийг танилцуулав

Миний бие санаачлан нийслэл дэх их, дээд сургуулиудын оюутнуудтай уулзалт зохион байгуулж, суралцаж буй мэргэжлийн дагуу цагийн болон үндсэн ажлын байр, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, салбар байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга зэргийг багтаасан арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэхдээ Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтаараа хэд хэдэн "БОЛОМЖ"-ийг танилцууллаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 43га талбай дээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 650 иргэнийг хүнсний ногоо тарих боломжоор хангах ажилд оюутнуудад квот гаргаж өгч, хамтран ажиллахыг уриалсан. Мөн гарааны бизнес эрхлэх сонирхолтой оюутнуудыг баг, хамт олноороо нийлж төсөл бичиж тэтгэлэг авах боломж олгосон аятай, таатай хамгийн гол нь үр дүнтэй уулзалт боллоо.

Оюутнууд, ХААИС-ийн багш удирдлагууд уулзалтдаа идэвхтэй байж, бидний өгч буй боломжийг алдахгүй, атгаж авна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Уулзалтад урилгаар, санаачилгаараа оролцож илүү үр дүнтэй болоход түлхэц өгсөн #Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул болон бусад холбогдох албаныхан, дарга удирдлагууддаа талархлаа.

Уулзаад өнгөрөх биш, уулзаад ярилцдаг, ойлголцдог, шинэ зөв зүйтэй ажил хамтран эхлүүдэг, төсөл хөтөлбөрүүдэд оюутан ахуйгаасаа идэвхтэй хамрагддаг байх л чухал.