УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2023 онд Монгол Улс САЯ жуулчин хүлээн авч, ТЭРБУМ ам.долларын орлого олох зорилттой
2022.12.01

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2023 онд Монгол Улс САЯ жуулчин хүлээн авч, ТЭРБУМ ам.долларын орлого олох зорилттой

Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн батлагдах гэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2023, 2024, 2025 оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгоод зарлачихсан шүү дээ. Үүнтэй холбогдуулаад бид агаарын тээврийг либералчилж байна. Ер нь бол Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 200-300 ам.долларт багтахаар байх хэмжээнд байна. Визийг хялбарчилж онлайнаар олгодог болъё гэж байгаа. Ихэнх орон манайх руу онлайнаар визээ аваад зорчих боломж бүрдэнэ гэсэн үг.

Үүнийг дагаад билетийн үнэ буурна. Үүний тулд бид хөрсөө бэлдэх хэрэгтэй болно. Хамгийн түрүүнд аялал жуулчлалын стандартуудаа батлах хэрэгтэй. Статистик харахад Экспортын чиглэлийн үйл ажиллагаанаас хамгийн том нь уул уурхайн салбар байгаа. Дараа нь ХАА-н салбар буюу ноолуурын экспорт байгаа. Тэр нь жилд 300 сая ам.доллар оруулж ирдэг. Үүний дараа Аялал жуулчлал бол жилд 300-аад мянган жуулчин оруулж ирдэг ч 200 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний орлого бүрдүүлдэг.

Тэгэхээр бид цаашид сая жуулчин буюу 1 тэрбум гаруй ам.долларын орлогыг аялал жуулчлалаас олдог болох зорилт тавьж байна. Энэ нь ам.доллар оруулж ирэхээс гадна дотоодод ажлын байр бий болгох, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох хамгийн чухал зүйлийн нэг юм.
 Дээр нь жуулчид Монголд ирэхэд НӨАТ-аа буцаагаад авдаг болоход Монгол Улсын томоохон их дэлгүүр, худалдааны төвүүд бий болох боломж бүрдэнэ гэсэн үг. Эндээс эргээд ноолууран бүтээгдэхүүнээ зарах боломж бий болно. ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнүүд боломж нь илүү нэмэгдэнэ гэж харж байгаа.