Хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүд тодорлоо
2022.09.26

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүд тодорлоо

Монголын радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээн" боллоо.

Хэвлэл, мэдээллийн салбарынхан хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейболын төрлөөр 5 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээн хөлбөмбөгийн төрлөөр эхэлсэн юм. Энэ төрөлд нийт 8 баг оролцсоноос Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн баг түрүүлж, “SPS” телевизийн баг мөнгөн медаль, C1 телевизийн баг хүрэл медаль хүртэж, шилдэг тамирчнаар МҮОНРТ-ийн багийн довтлогч Г.Анар шалгарсан билээ.

Харин сагсанбөмбөгийн төрөлд нийт 26 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс Боловсрол телевиз-Гэр контент группын баг, эмэгтэйчүүдээс NTV телевизийн баг түрүүллээ. Эрэгтэйчүүдээс Eagle телевиз, эмэгтэйчүүдээс МҮОНРТ- ийн багууд дэд аварга болсон бол News.mn, Gogo.mn, Itoim болон ТМ телевизийн хамтарсан бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багууд тус тус хүрэл медаль хүртэв.

Волейболын төрөлд эрэгтэй 14, эмэгтэй 13 баг өрсөлдөж эрэгтэйчүүдээс хэвлэлийн төлөөлөгчдийн баг хүрэл медаль, News.mn, Gogo.mn, Itoim сайтуудын хамтарсан баг мөнгөн медаль, SBN телевиз аваргын алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс МҮОНРТ хүрэл медаль, Боловсрол телевиз-Гэр контент групп мөнгөн медаль, “Вип-76”мн, Зиндаа.мн сайтын нэгдсэн баг алтан медаль хүртэж аварга болсон юм.

Сагсанбөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс “Боловсрол телевиз-Гэр контент группын тамирчин Батбаяр, эмэгтэйчүүдээс NTV телевизийн тамирчин Одончимэг, волейболын төрөлд эмэгтэйчүүдээс “Зиндаа.мн” сайтын холбогч Хонгорзул, эрэгтэйчүүдээс “SBN” телевизийн тамирчин Нямсүрэн нар  шилдэг тоглогчоор шалгарав. 

3 спортын дараах нийлбэр дүнгээр нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн багийн хамт олон шилжин явах цомын эзэн болсон юм.

5 өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд давхардсан тоогоор 600 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, МҮОХ, Спортын анагаах ухаан,эрдэм шинжилгээний төв, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн мэргэжлийн шүүгчдийн холбооны хамт олон, Монголын волейболын холбоо, Тэнүүн-Огоо компани хамтран ажиллалаа.