С.Бямбацогт: Өдөрт 1,000 орчим тонн цемент нийлүүлээд байвал энэ жилдээ багтаан Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой
2022.09.22

С.Бямбацогт: Өдөрт 1,000 орчим тонн цемент нийлүүлээд байвал энэ жилдээ багтаан Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд 20 орчим км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 204 км замаас 160 км орчим нь хатуу хучилттай болж байна.

Бид аравдугаар сарын 20-ныг хүртэл нэлээд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан байгаа. Болж өгвөл аравдугаар сард багтаан үлдсэн 40 орчим км замын хатуу хучилттай болгоно.

Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Сая цементтэй холбоотой бэрхшээл нэлээд үүссэн. Цементийн хомсдол, үнийн өсөлт гэхчлэн. Үүний шалтгаан нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр наймдугаар сарын 15-наас хойш зогссон учир Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд цемент нийлүүлэлт зогссон. Тиймээс бид дотоодын томоохон компаниудаас дэмжиж ажиллахыг хүссэн. Үүний дүнд “Мак цемент”, "Монцемент", "Налгар түшиг" компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээн авч, бидний энэ жил тавьсан зорилтыг биелүүлэхэд цементээр тасралгүй хангах үүрэг хүлээсэн.

Өдөрт 1,000 орчим тонн цемент аваад байхад энэ жилдээ багтаан нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой гэж үзэж байгаа" гэв.