ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүний Эрхийн үндэсний комисст ажиллав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүрэлцэн ирлээ.
Тэрээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах, хүн бүр эрхээ эрх тэгш эдлэх боломжийг бодитойгоор бүрдүүлэх, хүний эрхийн стандартыг бүхий л түвшинд хэрэгжүүлэхэд хүний эрхийн үндэсний байгууллага чухал үүрэгтэйг онцолж нягт уялдаатай хамтарч ажиллахаа уулзалтын эхэнд илэрхийллээ.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд эн тэргүүнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн асуудлыг тусгах, Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн тайланг бэлтгэх, НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах тусгайлсан нэгжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд бий болгох шаардлагатайг онцолж, Комисс 2022-2025 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хүрээнд иргэдийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байгаа тул Засгийн газрын зүгээс дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ,
"Хүний эрх, үүргийг өндөр түвшинд ойлгож ухамсарласан цагт нийгэмд шударга ёсыг тогтоож, төрийн бодлого шийдвэр зөв гарах боломж бүрдэхийг онцлоод төрийн бодлогын төвд хүний эрхийн биелэлтийг нэгдүгээрт эрэмбэлж, хүний эрх зөрчигдөхгүй байх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хамгийн наад зах нь төрийн байгууллагаас иргэд үйлчилгээ авахад орчны саад бэрхшээлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа ажлын байрнаасаа эхэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх болно" гэв.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, гишүүн С.Дондов, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат, хүний эрхийн бодлогын зөвлөх Б.Болорсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Ч. Дондогмаа, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар оролцов.