УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Олон улсын Тахь хамгаалах группийн ерөнхийлөгч Райнхард Шнидрихтэй уулзлаа
2022.08.19

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Олон улсын Тахь хамгаалах группийн ерөнхийлөгч Райнхард Шнидрихтэй уулзлаа

Олон улсын Тахь хамгаалах групп нь тахийн амьдрах орчин, говийн экосистемийг хамгаалах, орон нутгийн ард иргэдэд туслах, иргэдийн үйл ажиллагааг нь дэмждэг байгууллага юм.

Уулзалтаар дараах асуудлуудыг хөндөн ярилцлаа. Үүнд:

  1. Говийн Их Дархан цааазат газрын А хэсэг дэхь нэн ховордсон, тоо толгой нь цөөрсөн хавтгай, мазаалай, бөхөн, хулан зэрэг амьтад, ховордсон ургамлын төрөл зүйлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх
  2. Алтайн ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, малчдыг орлогожуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 
  3. Цөлжилт, байгалийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Говийн Их Дархан цаазат газрын А болон Б хэсгийн эко системийг хамгаалах
  4. Орон нутагт эко аялал жуулчлалыг явуулах талаар санал нэгдэж, хамтран ажиллахаар тохирлоо.

5,4 сая га талбай бүхий Говийн их ДЦГ-нь Төв Азийн цөлийн байгалийн унаган төрхийг хэвээр хадгалж үлдсэн шинжлэх ухаан, байгалийн өв соёлын онцгой ач холбогдолтой бүс нутаг төдийгүй зөвхөн энэ бүс нутагт тохиолддог мазаалай, хавтгай, тахь болон дэлхий дахинд ховордсон хулан, хар сүүлт, аргал, янгир, ирвэс, цоохондой зэрэг олон зүйл зэрлэг хөхтөн амьтад тархан байршсан нутаг юм.

Говийн их ДЦГ-ын “А” хэсэгт Монгол улсын улаан номонд орсон 16 зүйл хөхтөн, 4 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч, Амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалтанд орсон 13 зүйл хөхтөн, 7 зүйл шувуу, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (SITES)-ийн 1, 2-р хавсралтад бүртгэгдсэн 7 зүйл хөхтөн, 14 зүйл шувуу, Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны улаан номонд бүртгэгдсэн  7 зүйл хөхтөн, 1 зүйл шувуу, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц (CMS)-ийн  1, 2-р хавсралтад  7 зүйл хөхтөн тус тус бүртгэгдсэн нь энэ газар нутаг, амьтны аймгийн хувьд монгол орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой.

Говийн Их ДЦГ-ын Б хэсэгт 100 орчим зүйл шувуу, хэд хэдэн төрлийн хэвлээр явагч хоёр нутагтан, 25 төрлийн мэрэгч амьтан, ургамал 70 овгийн 900 гаруй зүйл, нэн ховордсон 6 зүйл, ховордсон 26 төрөл зүйл, эмзэг гэсэн ангилалын 57 төрөл, дэлхийд зөвхөн энэ хэсэгт байдаг 23 төрлийн ургамал байдаг.