Шинэ Харцагын цолыг 3 өрөө байр, гараашаар мялаалаа
2022.08.16

Шинэ Харцагын цолыг 3 өрөө байр, гараашаар мялаалаа

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн уран мэх, ухаан хүчээр наадамч олноо цэнгүүлэн барилдаж, Монгол Улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг энэ сарын 14-нд Төгрөг суманд зохион байгуулав.

Уран барилдаанч Улсын харцага Ц.Бямба-Отгоны Үндэсний их баяр наадмаар гаргасан амжилтыг үнэлж УИХ-д Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд Улаанбаатар хот дахь Төгрөг сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Төгрөг сумын Нутгийн зөвлөлтэй хамтран нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан орон сууцны 3 өрөө байрыг автомашины гараашийн хамт бэлэглэж шинэ цолыг нь мялаалаа.

1938, 1945 онд Улсын начин болсон Түндэвдиваагийн хөвгүүд ах дүү хоёр Самдангаас өөр улсын цолтой бөх төрөөгүй байсан Төгрөг сум энэ жил Цэдэнсодномын Бямба-Отгон гэх 27 настай залуу харцагатай болсон юм.

Төгрөг нутгийнхаа нэрийг Төв цэнгэлдэхээс улс орон даяар цуурайтуулсан шинэ харцагад талархсан сэтгэлээ илэрхийлж, нутгийн хүүгээрээ бахархахаар Өвөрхангайчууд тэр дундаа Харцагын төрсөн нутгийн уугуул, суугуул түмэн хот хөдөөгөөс Мялаалга наадмыг олуулаа зорьж ирсэн нь наадмыг улам ч хөл ихтэй, хөгжүүн сайхан болгожээ.