2022.07.01
Замын чиглэлээр ажиллаж байгаа үндэсний компаниуд чадварлаг байна
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох дуусгах зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 132 дугаар тогтоолоор Завхан аймгийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төсөл БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн 20 орчим сая ам долларын хөрөнгөөр баригдаж эхэлсэн.
Гэвч барилгын ажил үргэлжлэх хугацаа богино эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд тухайн төслийн ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд гүйцэтгэгч компаниас тавьсан хүсэлтийн дагуу захиалагчийн зүгээс зураг төслийг дахин хийлгэж 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулахад зам барилгын ажлын төсөвт өртөг буюу гэрээний үнийн дүн 2,4 сая ам.доллар буюу 6.1 тэрбум төгрөгний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон.
2020 оны 8 сард УИХ-ын гишүүний тангарагаа өргөөд удаагүй байтал Загастайн давааны замд нэмэлт санхүүжилтийг төсвийн тодотголд оруулж чадахгүй бол зогсож болзошгүй болсоныг мэдээд ЗТХ-ын дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй хамт очиж ажилласан. Тухайн оны төсвийн тодотголд тусгуулж чадаагүй ч 2021 оны улсын төсөвт нэмэлт санхүүжилт 6.1 тэрбум төгрөгийг амжилттай суулгуулж чадсанаар замын ажил зогсохгүй үргэлжлэн дуусах боломжтой болж байлаа.
Замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна Коммуникайшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр Мөнх-Эрдэнэ захиралтай “Арж Роуд” ХХК, Болд захиралтай “Түм Арвижих” ХХК-ийн 3 үйлдвэр, 50 машин техник хэрэгсэл, 120 гаруй замчид маань цаг наргүй ажилласны хүчинд далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт өргөгдсөн Тарвагатайн нурууны Загастайн даваа маань засмал замтай болсон.
Загастайн давааны зам Монголд анх удаа уулын оройгоор хийснээрээ онцлогтой ба эгц өндөр хад байц ихтэй, уулын замын ажил нь хүндрэлтэй, удаашралтай байсан ч замын компаниуд бүрэн хүчин чадлаараа гүйцэтгэл сайтай ажиллаж чадсан. Замын барилгын ажилд оролцсон бүх компани, зураг зохиогч, инженерүүд, нийт замчиддаа Завхан нутгийнхаа ах дүү нарын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Холыг ойртуулж, хөгжлийг дагуулдаг та бүхэнд сайхан бүхнийг хүсье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn