2022.06.27

Иргэд Төрийн сүлдийг өөрчлөх асуудалд судалгаатай хандахыг хүслээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай УИХ-ын тогтоолын хүрээнд Говьсүмбэр аймгийн иргэдтэйгээ уулзаж, танилцуулга мэдээлэл хийн, санал хүсэлтийг нь сонслоо.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаа хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх, парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх эсэх сэдвийн хүрээнд иргэдийн саналыг сонсож байна.

Иргэдийн хувьд Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх хүрээнд “Иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох” гэснийг дэмжиж байна. Харин төрийн сүлдийг өөрчлөх асуудалд судалгаатай хандахыг хүслээ.

Мөн Говьсүмбэр аймагт 2020-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан болон ажлын хэсгийг ахалж ажилласан хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Говьсүмбэр аймагт баригдах дулааны станцийн төслийн хүрээнд 20 Гкал/ц хүчин чадалтай дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 5 дэд төв, 7516 м дулаан дамжуулах шугам шүлжээг байгуулах юм. Цаашлаад Шивээговь суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Аймгийн цагдаагийн хэлтэс шинэ байртай боллоо.

Улсын төсвийн 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд Шивээговь сумыг улсын чанартай автозамаар холбох ажил эхэлсэн. Мөн 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын төвд баригдах 2,8 км автозамын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

"Их соёл-Эх үндэс" төсөл хөтөлбөрт 2017 оноос хойш хагас тэрбум төгрөг, "Шинэ хөдөө" төсөлд 2018 оноос хойш мөн хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, "Ижий говь" төсөлд 2022 оноос 200 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай техник тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn