2022.06.16

Ц. Даваасүрэн: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ хууль зөрчиж байна

УИХ-ын чуулганы \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал тусгайлсан хуулиар зохицуулагддаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг  зохицуулсан журмын тухай хууль гэж байгаа. Тэгэхээр журмын тухай хууль дээр ард нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг хангах гэдгийг намууд шаардвал олон нийтээс асуулга явуулна гэсэн заалт хаана байна вэ?

Ард нийтийн оролцоог хангах ганцхан заалт журмын тухай хуулинд байна. 17-дугаар зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх явцад гэж бий. Хэлэлцэж байх явцад гишүүдийн 3/2 нь ард нийтээс санал асуух ёстой гэж үзвэл ард нийтээс санал, асуулга явуулна гэж байгаа юм. Мөн журмын тухайн хуулийн 6.2 дээр Улсын их хурал хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй гэсэн байгаа юм. Тэгэхээр одоо нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой  ард нийтийн оролцоог хангах тухай яриад байж байгаа нь хуулийн хоёр заалтыг хангахгүй байна. Тэгэхээр энийг шийдсэнээр Их хурал хууль зөрчинө.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.