2022.05.04
УИХ-ын гишүүн Д.Батлут иргэдийн асуултад хариу мэдэгдэл өглөө
УИХ-ын Д.Батлут өөрийн сонгогдсон тойрог болох Эрдэнэтийн иргэдээс ирж буй асуултад тайлбар өгсөн юм. Иргэд дараах 4 асуултыг асуусан бөгөөд үүнд Д.Батлут гишүүн өөрийн сошиал хаягаараа дамжуулан мэдээллээ.
Хялганатын зам юу болов?
- Эрдэнэт Хялганат чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Эрдэнэт үйлдвэрээс зарласан. Энэ зун ажил нь эхэлнэ. Уг авто зам Эрдэнэт-Хялганат чиглэлийн 53.6 км, Подъём-1, 2, Цэвэрлэх байгууламж чиглэлийн 10.4 км технологийн зам гэсэн бүрэлдэхүүнтэй.
Шар Хөтөлийн зам яасан бэ?
- "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ бэлэн болсон. Улсын төсөв, олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Удахгүй энэ асуудлаар Европын холбооны төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөсөн. Уг төсөл нь Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд багтсан.
- Төлөвлөж буй авто замын нийт урт: 92.28 км
- Төсөвт өртөг: 150.34 тэрбум төгрөг
1-р сургуулийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?
- 2022 оны Улсын төсөвт уг барилгын үлдэгдэл санхүүжилт 826.4 сая төгрөгийг тусгуулан батлуулсан. Удахгүй дуусна. Гүйцэтгэгч компани, хариуцсан хүмүүс уг барилгын дуусах хугацааг янз бүрээр хэлдэг ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Энэ удаад шаардлагатай бүх төсвийг батлуулж чадсан.
Баянбулаг багийн 16-р сургуулийн спорт зал хэзээ дуусах вэ?
- 2022 оны Улсын төсөвт уг барилгын үлдэгдэл санхүүжилт 450 сая төгрөгийг тусгуулан батлуулсан. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн. Ажил үргэлжилнэ.
Мөн түүнчлэн Д.Батлут гишүүн иргэдийг асуух зүйлээ тодорхой бичиж үлдээнэ үү? Нэг бүрчлэн хариулах болно гэдгээ мэдэгджээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn