Зам засварын ажил дуусч төв замыг нээлээ
2009.09.21

Зам засварын ажил дуусч төв замыг нээлээ

Улаанбаатар хотын зам засварын ажил өнөөдөр дуусна хэмээн албаныхан ам гарсан. Гэхдээ засварын ажлыг сайн, муу болсон гэж хэлэхэд арай л эртдэнэ. Дөрвөн уулынхаа хонхорт улсынх нь нийт хүн амын 50-с илүү хувь нь оршин сууж, тэр хэрээр машин, унаа хөлхөж байгаа болохоор арга ч үгүй биз. Хавар, зуныг үл тоон амарч, зугаалсаар халуун намраас замаа сэндийлж, шинээр тавих ажил эхлүүлсэнд нийслэлийн удирдлагууд нэлээд зэм хүртсэн. Хичээл, сургууль, ажил цуглахтай зэрэгцээд хотын доторх гол гол замуудаа хааж байгаад засч эхэлсэн нь замын хөдөлгөөний нягтралыг улам гааруулав.

Ямар сайндаа л автобус, машинаар явахаас илүүтэй явган хүн хожино. Таксичид бол удаан хуагцаагаар хол газар явах тусмаа овоо хэдэн төгрөг олно хэмээн харин ч баяртай байна. Гар өргөсөн хүмүүсээс шилж байгаад хамгийн хол явах, бас мөнгө илүү өгчих царайтай нэгнийг нь шилж, сонгож "явна шүү" хэмээн дуугарна. Өнөөдрөөс та хотын замаар салхи татуулан давхидаггүй юмаа гэхэд ямар ч байсан хоёр буудлын хэртэй газар 5-10 минутад очих боллоо.

Зам хаагдсан үеэр ийм зайны газар хоёр цаг гаруй болоод ч зорьсон газраа хүрдэггүй тохиолдол олон. МУБИС-ийн өмнөх уулзварт "Өргөн говь" ХХК зам засварын ажил хийгээд техникээ татах гэж байхад нь таарлаа. Тус компанийн инженер Д.Эрхэмбаяр ярихдаа, "Манай компани 2.08 км зам засах ажлыг гүйцэтгээд одоо техникийн ажил үндсэндээ дуусч байна. Манайх Төв шуудангийн өмнөх уулзвараас Багшийн дээд сургуулийн өмнөх хэсгийн замыг заслаа. Нойтон цас орж, хүйтрэхээс өмнө хучилтаа хийчихсэн учраас асуудал гарсангүй. Замыг нээх эсэхийг ЗЦГ-ынхан мэдэх байх. Манайх үлдсэн ажлуудаа хийж байна. Гэрэлтүүлэг, явган хүний замын хавтан янзлах, хог хаягдлыг зайлуулж байна. Гэрэлтүүлгийн ажлыг бас замтай хамт шинэчлэн хийж кабель утас шинээр татсан" гэж ярьлаа. ЗЦГ-ын олон нийттэй харилцах тасгийн дарга хошууч С.Энхтөрөөс төв зам нээгдэх эсэх талаар тодруулахад, "Манайх МУБИС-ийн өмнөх замыг одоо нээхээр газар дээр нь ажиллаж байна. Маргаашнаас /өнөөдрөөс/ бүх зам нээлттэй болно. Нийслэлчүүд ээ, шинэ замаар хөдөлгөөндөө соёлтой оролцоорой" гэж уриалсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.