Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн хурал болов
2009.09.24

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн хурал болов

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд болж өнгөрөв. Тус хурлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргалсан бөгөөд хувийн хэвшил, олон улсын банк, санхүү, хоёр талт хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь сэдвийн хүрээнд Зээлийн батлан даалтын сан байгуулах болон Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж санал солилцов.
Хувийн хэвшлийн төлөөлөгчид банк санхүүгийн тогтолцоог шинэчлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх оновчтой систем нэвтрүүлэхэд зээлийн мэдээлэл түгээх үйл ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулах саналыг Засгийн газарт уламжлав. Засгийн газар зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх нь банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэл болон зээлийн зардлыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжийн зээлжих чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэн Засгийн газрын холбогдох байгууллагуудад үүрэг өгөв.
Мөн хувийн хэвшлийн төлөөлөгчид төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар зээлийн батлан даалтын сан байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой тодорхой саналуудыг Засгийн газарт уламжлав. Монгол Улсын Засгийн газар хувийн салбарыг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх дээрх саналыг нааштайгаар хүлээн авч ажил хэрэг болгохоо илэрхийлэв. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэхүү санхүүгийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлсэнээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ялангуяа шинээр үйлдвэрлэл эхлэхэд тулгарч буй санхүүжилтийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Засгийн газар хувийн хэвшлийн төлөөлөгчдийн тавьсан саналыг дэмжиж энэ чиглэлээр хувийн хэвшлийнхэнтэй эрчимтэй хамтран ажиллахаар тогтов.

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөл
2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр,
Төрийн ордон, Улаанбаатар хот
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.