2021.12.10

О.Цогтгэрэл: Улсын эрх ашгаар түрий барьж, бусдын эрх ашгийг хөсөр хаяж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын бие даасан хараат бус эрчим хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл гэж харж байна.

Нөгөөтэйгүүр нөхөн олговор болоод тэнд амьдарч байсан иргэдийн асуудал бий. Улсын эрх ашиг, нийтийн эрх ашгаар түрий барин тэнд амьдарч байгаа бүлэг хүмүүсийн эрх ашгийг хөсөр хаяж болохгүй. Тийм учраас нөхөн олговрын хэмжээг илүү бодитой байлгах хэрэгтэй.

БОАЖ-ын сайдаас асууя. Энэ нөхөн олговрын ямар байдлаар хэдэн төгрөг өгч олгох вэ?

Том төсөл учир эрсдэл бий. Энэ төсөл хэрэгжихтэй холбоотой ямар ямар эрсдэл үүсэх вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.