БОХХААБХ: Гурван ажлын хэсэг байгуулж, ахлагч, гишүүдийг томиллоо
2021.11.16

БОХХААБХ: Гурван ажлын хэсэг байгуулж, ахлагч, гишүүдийг томиллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хүнсний тухай хуулийн хэрэгжилт тэр дундаа стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайн асуудлыг яаралтай оруулж ирж байгаа нь сайшаалтай хэмээгээд Ажлын хэсгийн гишүүд хөдөө орон нутагт газар дээр нь ажиллах тухай санал хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, тус Байнгын хорооноос орон нутагт ажиллах ажлыг зохион байгуулах болно гэлээ. Ингээд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжигдлээ.

Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Т.Аубакир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжигдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө