Ч.Ундрам:

Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн боловсролын салбартай болох шаардлагатай


15 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Ч.Ундрам: Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн боловсролын салбартай болох шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэллээ. Уг чуулганаар хэлэлцэхээр товлосон олон чухал хуулиуд бий ч 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр Засгийн газар, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан “БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ” юм. Монгол Улсын ирээдүйн иргэн сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, Мэргэжлийн боловсрол, дээд боловсролыг ямар бодлогын хүрээнд, хэрхэн эзэмших талаар, түүнчлэн боловсролын тогтолцоонд оролцогч бүрийн эрх зүйн байдлыг нарийвчлан тусгах уг хуулийг хэлэлцэх гэж байна. 

“БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ”-ийн төслийн Дээд боловсролын хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам ахлан ажиллаж байна. Хуулийн төсөл болон Ажлын хэсгээс хуулийн төсөлд тусгахаар бэлтгэж буй саналуудын талаар түүнтэй ярилцлаа.


Энэ намрын чуулганаар Боловсролын багц хууль хэлэлцэх гэж байна. Үүн дотроос Дээд боловсролын хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа хүний хувьд энэ төслийн талаар мэдээлэл өгнө үү?

- Намрын чуулганаар анх удаа Боловсролын багц хууль шинэчилсэн найруулгаар орж байгаад олзуурхаж байна. Шинэчилсэн найруулга гэдэг утгаараа маш олон шинэ асуудлууд тусгасан. Тодорхой хэмжээнд ахиц дэвшил ч гарсан юм. Миний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш Тэгш хүртээмжтэй боловсролын талаар ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Байнгын хороо, БШУЯ-тай хамтраад 21 аймагт хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд уг хуулийн төсөл боловсруулагдсан.

Хуулийн төсөлд гол анхаарал хандуулах болон нэмж оруулах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

- Боловсролын багц хуулийн хувьд хамгийн чухал зүйл бол хувийн сургуулиудын хувьсах зардал, статусын тухай асуудал юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн сургуулиуд ТББ-ын статустайгаар үйл ажиллагаа явуулж улсад татвар төлөхгүйгээс гадна улсын төсвөөс хувьсах зардал болох нэг хүүхдийн 600 орчим мянган төгрөг авч үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн. 90-ээд оноос хойш боловсролын салбар орхигдож боловсролын чанар, хүртээмж муудсан учраас магадгүй бодлогын чанартай хувийн сургуулиудыг дэмжиж ирснийг үгүйсгэхгүй. Өнөөдөр хувийн сургуулиуд хамгийн сайн хөрөнгө оруулалттай, стандартад нийцэхүйц барилга байгууламжтай болсон байна. Өндөр цалингаар сайн багш нарыг цуглуулж, хөтөлбөр, сургалтын чанараа сайжруулж сайн нөү хаутай болсон байна. Эцэг эхээс өндөр сургалтын төлбөр авч, ашгийн төлөө хэв шинжтэй ажиллаж ирсэн учраас улсдаа татвараа төлөх нь шударга тогтолцоо болно. Мөн ашгийн төлөө сургалтын байгууллага нь хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс авах нь зохихгүй.

Боловсролын багц хуулиар зохицуулагдах шаардлагатай бас нэг чухал асуудал нь багшийн чанарыг сайжруулахад чиглэсэн цалин урамшуулал, нийгмийн баталгаа, ёс зүйн асуудлууд юм. Монгол Улсын Төрийн үйлчилгээний албанд 50 мянга гаруй багш багтдаг бөгөөд төрийн үйлчилгээний бүхий л төрлийн албан хаагчидтай адил бодлого, цалин, урамшууллын системээр энэ ажлын байр зохицуулагддаг. Тиймээс Төрийн боловсролын үйлчилгээний алба ч гэдэг юм уу нэрлээд Төрийн албанд тусад нь ангилал бий болгож, багш нарын цалин, ажиллах орчин нөхцөл, нэмэлт урамшуулал зэргийг ялгаатай байдлаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Цаашид ч бид багш нарын эрх зүйн байдлын тухай хуультай болж багш нар өөрсдийн мэргэжлийн холбоотой болох нь зүйтэй. Эрх зүйн орчин бүрдвэл багш нар өөрсдийн эрх ашиг, багшид тавигдах шаардлага, ёс зүй, цалин урамшууллаа мэргэжлийн холбоогоороо дамжуулан ярьж, хэлэлцэн шийдэх боломжтой.

БОЛОВСРОЛЫН ТЭГШ БОЛОМЖИЙГ СТАНДАРТААР БИЙ БОЛГОЖ ЧАДНА

Хүүхдэд тэгш боломж, хүртээмжтэй боловсролыг хүргэхийн тулд тодорхой стандартчилсан хөтөлбөрийн дагуу явах нь хамгийн чухал. Стандартыг орчин нөхцөл, сурах бичиг гэх мэт материаллаг зүйлээр хэмжиж болох ч гол агуулга болох сургалтын агуулга, заах арга зүйд нь стандарт тогтоох ёстой. Сургалтын хөтөлбөр буюу агуулга, заах арга зүй, сурах бичиг зэрэг нь стандартын дагуу хэрэгжиж эхэлсэн үед алслагдмал сумын хүүхэд, хотын захын хүүхэд, төвийн хүүхэд бүгд чанартай боловсрол эзэмших нөхцөлтэй болж амьдралын тэгш гарааны боломжоор хангагдах юм.

Мэргэжлийн боловсролын хувьд МСҮТ-д сурч байгаа суралцагч бүрт 200 мянган төгрөг олгодог нь халамжийн шинж чанартай болгоод байгаа юм. Тэрхүү олгож буй тэтгэлгийг суралцагчийн идэвх оролцоо, хөдөлмөрийн зах зээл, эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшихтэй нь уялдуулж олгодог болбол оновчтой болно. Түүнчлэн сургуулийн техник, тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, орчин нөхцөлөө сайжруулах ч боломжтой болно. Ингэхгүй бол хавтгайрсан халамжийн систем рүү шилжих болно.

Дээд боловсролын хувьд төрийн өмчийн их сургуулиудын засаглалыг улс төрөөс хараат бус болгох, сургалт, судалгааны хэмжээ, чанарыг сайжруулж үйлдвэрлэл, зах зээл, практиктай холбох, ахисан түвшний сургалтын чанарыг сайжруулах, хувийн сургуулиудын чанарыг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг сайжруулж олон давтамжтай зохион байгуулдаг болох зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд оруулахаар бэлтгэж байна.

МСҮТ-ийн асуудал ХНХЯ-нд харьяалагддаг. Харин Боловсролын багц хуулиар БШУЯ-ны эрхлэх асуудалд харьяалагдах уу?

- Энэ хуульд БШУЯ, ХНХЯ хамтарсан дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв БШУЯ-руу шилжих юм. Ингэснээр боловсролын шаталсан тогтолцооны уялдаа холбоо хангагдаж халамжийн байгууллага бус боловсролын байгууллага гэдэг утгаараа үйл ажиллагаа явуулна. Мэргэжлийн боловсролын хуулийн төсөл боловсруулж өргөн барих ажлын хэсэг байгуулагдсан байгаа, миний бие уг ажлын хэсэгт гишүүнээр орсон байгаа.

Таны хэлдэг Тэгш, хүртээмжтэй боловсрол гэдэг агуулгад хүүхдүүдийн ялгаатай байдлыг арилгана гэсэн санаа давхар явдаг. Үүнийг хуулийн хүрээнд хэрхэн тусгаж байгаа вэ?

- Одоогийн орж ирсэн багц хуулийн төсөлд ялгаатай байдлыг хүндэтгэж сурах боломжоор нь хангах асуудал хангалттай тусгаагүй. Олон ястан, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсрол хүртэж амьдралын тэгш гарааны боломжоор хангагдах эрхтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхад түүнд багшлах боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдаг. Тэдгээрт шаардлагатай төсөв мөнгийг суулгаж, чухал шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарах ёстой.  Олон ястны хувьд хос хэлээ төгс эзэмшсэн байх шаардлагатай. Баян-Өлгий аймгийн жишээ дээр ярихад тус аймгийн засаг дарга нь сургалтын хөтөлбөрөө баталж, сурах бичиггүй сүүлчийн 30 жил явж байна. Үүнд төрийн зохицуулалт байхгүй учраас ЭЕШ-аар тус аймгийн хүүхдүүд сүүл мушгих жишээтэй. Харин хос хэлтэй болох хөтөлбөрийн дагуу суралцаж, ном сурах бичигтэй байснаар энэ хоцрогдол арилах юм. Тэгэхээр үүнийг хуульд маш сайн тусгах хэрэгтэй. 

Хуульд орхигдсон ч ажлын хэсгийн зүгээс нэмж тусгахаар ажиллаж буй бас нэг санал бол боловсролын үнэлгээний асуудал. Монгол Улсад боловсролын үнэлгээ хаягдсан, үнэлгээ хийдэг мэргэшсэн, мэргэжлийн хүн байдаггүй. Жишээ нь TOEFL-ийн шалгалт болон үнэлгээний цаана тухайн үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага өндөр түвшинд ажиллаж шалгалтын дүнд үндэслэн шалгалтын материалаа сайжруулах, алдаа дутагдлаа засах зэрэг тасралтгүй сайжрах процесс явагдаж байдаг. Харин манай Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ зохион байгуулж байгаа байдал нь агуулгын хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч хангалтгүй байна. Тухайн хүүхэд аль хичээлдээ сайн түүгээрээ л шалгалт өг гэж багш чиглүүлж байгаа нь буруу. Хүүхдийн эрхэнд халдаж байгаа асуудал. ЕБС төгсөж  байгаа хүүхдээс өргөн агуулгаар шалгалт авч Бага, дунд боловсролын зорилго биеллээ олсон эсэхийг тодорхойлох ёстой. Мөн шалгалтын үр дүнд шинжилгээ хийж боловсролын тогтолцоо, хөтөлбөр, бусад асуудалдаа дүгнэлт хийж тасралтгүй сайжруулаад явах ёстой. Жишээ нь аль нэг хичээлд нийтээрээ тааруу дүн авбал багшийн чанар, заах арга зүй болохгүй байна уу, эсвэл тухай хичээлийн сургалтын хөтөлбөр нь болохгүй байна уу, шалгалтын материал болохгүй байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Ингэж шинэчлэл шаардлагатай эсэхийг нарийн үнэлдэг байх нь чухал болоод байна.

ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН АСУУДЛЫГ Ч ХУУЛЬД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хуульд сургуулиудын хяналт шалгалтын асуудлыг тусгах хэрэгтэй. Нэг сургуулийг дүүргийн, нийслэлийн, улсын мэргэжлийн хяналт, Аудитын газар гэх мэтчилэн олон газрууд хянаж, шалгадаг. Багш, эрхлэгч нар тэр их шалгалтын хооронд цааснаас цаас, тайлан гэж явсаар үндсэн үүргээ мартаж орхидог. Нэг байгууллага нь тэр сургуулиа шалгадаг болгох ёстой. Хуульд энэ талаар огт оруулаагүй байсныг ажлын хэсгийн зүгээс нэмж тусгахаар ажиллаж байна.

Түүнчлэн хүүхдийн мэдээллийн нууцлалын асуудлыг ч хуульд оруулахаар ажиллаж байна. Жишээлбэл ЭЕШ-ын дүнг БҮТ-ийн вэбсайтад бүтэн жилийн турш нэр, хаяг, оноотой нь байршуулсан байдаг. Энэ нь бага оноо авсан хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт болж, найзууд нь шоолох тохиолдол ч цөөнгүй гарч байсан тухай мэдээлэл бий. Тэр бүү хэл амиа хорлох асуудалд тулсан тохиолдол бий гэдгийг сурагчдын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан. Тиймээс Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн боловсролын салбартай болох нэн шаардлагатай. Боловсролын салбар хүний эрхийг дээдэлж байж бидний хүүхдүүд цаашид хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бий болгоно.

ЭЕШ-ийн давтамжийг олон болгоё гэж санал гаргаж байгаа. Гадны улс орнуудад ахлах сургуульдаа ороод л 9, 10 дугаар ангиасаа эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт өгч болдог.  Эхний удаа сандарч болно, алдаж болно. Дараагийн удаа улам сайжирч туршлагажна. Зарим хүүхдүүд бүр арван нэгдүгээр ангидаа хүссэн сургуульдаа ороход шаардлагатай оноогоо авч, их сургуульдаа элсэх эрхээ авдаг. Жилд нэг удаа нэг л өдөр элсэлтийн ерөнхий шалгалт авч хүүхдийн амьдралыг нэг өдөр шийдэж болохгүй. Тэдэнд сайжрах боломж олгох ёстой.

Мөн сургалтын материалыг архивлах, хадгалах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хүүхэд сураад төгссөний дараа хэдэн жил материалыг нь хадгалах, цаашид цахимжуулах уу гэдэг асуудал чухал юм. Тодорхой хугацааны дараа сургууль төгссөн баталгаа, хувийн хэргээ авах гэтэл устсан, олдохгүй байх тохиолдол үүснэ. Нөгөө талаас түүхийн баримт бичиг болдог учраас энэ асуудалд хуулийн зохицуулалт оруулж өгөх хэрэгтэй.

Харин дээд боловсролын тухайд хичээлийн кредит цагийн үргэлжлэх хугацаа яг хэд вэ гэсэн стандарт манайд байдаггүй. БШУЯ-аас журам гаргадаг ч их, дээд сургуулиуд ижил түвшинд мөрддөггүй учраас энэ асуудлыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай. Зарим сургууль, танхимд  12 цаг, бие даах 24 цаг сурахыг нэг багц цаг гэж тооцдог бол, зарим нь маш бага хугацааг хамруулдаг. Журмын дагуу хугацаагаар сурч багц цагаа цуглуулсан оюутан, бага цагаар сурч ижил хэмжээний багц цаг цуглуулсан оюутан хоёрын хооронд ялгаа би. Боловсролын зээлийн сан, тэтгэлэг, сургууль хооронд шилжиж кредит дүйцүүлэн тооцуулах болох үед энэ нь асуудал болдог. 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛЫГ ТӨРӨӨС ХАРААТ БУС, УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОЛОН НИЙТИЙН МАНДАТТАЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Боловсролын багц хуулийн хүрээнд Дээд боловсролын хуулийн төслийг та ахлан ажиллаж байгаа. Таны хувьд дээд боловсролын салбар тэр дундаа МУИС-д удирдах албан тушаалд олон жил ажилласан туршлагатай учраас бодит байдлыг сайн мэддэг хүн. Дээд боловсролын шинэчлэл хуульд хэрхэн тусч байгаа вэ?

- Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулийн засаглалыг төрөөс хараат бус, удирдах зөвлөлд олон нийтийн мандаттай төлөөлөл орж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Удирдах зөвлөлд ажил олгогч, судалгааны захиалагчдын төлөөлөл олон нийтийн мандаттайгаар оролцож ажиллах нь дээд боловсролын чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Мөн удирдах зөвлөлийг хүчирхэгжүүлж чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг, хариуцлагажуулж мандат олгосон нөхдөдөө тайлагнадаг болгох хэрэгтэй. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд хэт их төрөөс хамааралтай байх нь засаглалыг сул дорой болгодог. Ер нь бол сургууль цэцэрлэгийн удирдах зөвлөлд олон нийтийн төлөөллийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэж байж олон нийтдээ үйлчилдэг байгууллага болох юм. Зарим төрийн өмчийн их дээд сургуулиудын удирдах зөвлөлийг нэгтгэж байгуулах  нь зөв гэж харж байгаа. Жишээлбэл Хамгийн анх МУИС байгуулагдаад 1942 оноос уг сургуулиас салаалж МУБИС, Анагаах, ХАА, ШУТИС гарсан байдаг. Төрийн өмчийн сургуулиуд нөөц бололцоогоо хуваалцаж, хамтран ажиллаж синерги үүсгэн ажиллах хэрэгтэй. Нэг талд нь онолын суурь судалгаа хийгдэж байхад нөгөө талд нь илүү практикт нэврүүлэх чиглэлээр судалж нэг сэдэв мөртлөө уялдаа холбоогүй, чанарын хувьд сул үр дүн гаргах явдал зарим чиглэлд ажиглагдаж байна. Жишээлбэл ковидын эсрэг эм бүтээхэд МУИС-ийн хими, биологийн профессорууд, АШУҮИС-ийн профессоруудтай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байж болох. Малын өвчлөлийн эсрэг вакцин гэхэд МУИС, ХААИС-ын судлаачид хамтраад ажиллавал үр дүнтэй байх жишээний. Манай зургаан их сургууль хоорондоо санамж бичиг байгуулж, гарын үсэг зуран хамтран ажиллаад эхэлсэн нь энэ хамтралын давуу талыг олж харсаных гэж бодож байна. Удирдах зөвлөл нэгдсэнээр сургуулиудын нөөц бололцоо, лаборатори ашиглалт, номын сангийн хүртээмж сайжирна гэсэн үг. Энэ нь оюутнуудад маш их боломж олгож байна. Тиймээс энэ асуудлыг дэмжиж эрх зүйн орчиноор хангахын тулд төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэж болно гэж тусгах шаардлагатай юм.

Их сургуулиудын хувьд хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг. Одоогоор төрийн өмчийн их дээд сургуулиуд төрөөс санхүүжилт огт авдаггүй. Санхүүжилт байхгүйгээс үүдэн сургуулиуд маань гол орлогын эх үүсвэр болох бакалаврын сургалт руугаа анхаараад байдаг. Их, дээд сургуулиудын орлогын 90-ээс дээш хувь нь сургалтын орлого байгаа. Гадны томоохон их сургуулиудын орлогын томоохон эх үүсвэр судалгааны санхүүжилт байдаг. Судалгааны санхүүжилт бага байгаагаас мөн ахисан түвшний сургалтруугаа анхаарахгүй байгаа. Тэгвэл судалгаа руу хэрхэн анхаарах вэ гэхээр төр, хувийн хэвшил судалгааны захиалга өгөх ёстой. Жишээлбэл, коронавирусын вакцин, эм бэлдэх захиалгыг ЭМЯ өгөх журмаар ажиллах боломж бий. Төрийн байгууллагын судалгаа шинжилгээндээ зарцуулах мөнгийг Шинжлэх ухаан, технологийн сан руу төвлөрүүлж төрийн байгууллагын захиалгын дагуу Их, дээд сургууль, судлаачдын дунд нээлттэй, иил тод сонгон шалгаруулалт хийж, судалгааны хэрэгжилтэд нь ШУТСан болон захиалагч хяналт тавиад явах боломжтой гэсэн үг.

Мөн магистр, докторын хөтөлбөрийг тэтгэлэгтэй болгох хэрэгтэй. Профессорууд судалгааны санхүүжилтээрээ мөн ахисан түвшний суралцагчдыг цалинжуулж судалгаа хийлгэж болно. Түүнчлэн шинжлэх ухааны бүтээлүүдийн нэгдсэн санг үүсгэх ёстой. Бүх түвшний дипломын ажилд оюуны өмчийн хулгай их гарч байна. Шинжлэх ухааны бүтээлүүдийн нэгдсэн санг үүсгэснээр нэгдүгээрт оюуны өмчийн хулгайгаас сэргийлэх, хоёрдугаарт мэдлэгийг эргэлтэд оруулж, бусад судлаачид, байгууллагад уншуулдаг, үргэлжлүүлэн судалдаг болох давуу талтай. Хэн нэгэн тухайн шинжлэх ухааны бүтээл, өгүүллийг уншаад хэрэглэж, эргэлтэд оруулж байх ёстой. Түүнчлэн олон улсын мэдлэгийн сан буюу web of science гэж олон улсын нэгдсэн мэдээллийн байдаг. Уг санг бодлогоор Монголын их дээд сургуулиудад эрхийг нь авч нээлттэй болгох хэрэгтэй. Тэндээс судлаачид мэдээлэл авч, мэдлэгийн эргэлтэд оруулж болно. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааныг хөгжүүлэх боломж юм.

Дээд боловсролын чанарыг сайжруулахад мөн Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, ШУТСан зэрэг БУЯамны дэргэдэх байгууллагуудыг улам чадавхжуулж, агентлагийн түвшинд ажиллуулж байж, боловсролын систем тогтолцоогоороо сайжрах нөхцөл бүрдэнэ.

Их, дээд сургуулийн менежментээс гадна багш, эрдэмтдийн ур чадвар, ёс зүйн асуудал хуульд орж байгаа юу?

- Хуульд оруулж байгаа саналуудын нэг бол Эрдмийн зэрэг цолны асуудал. Монгол улсаас өөр хаана  ч байхгүй Шинжлэх ухааны доктор гэж цол байдаг.  Ер нь Олон улсын жишгийг дагах ёстой. Эрдмийн цол зэргийн нэмэгдэл гээд төрийн алба хаагчдад өгөөд байдаг. Хүн өөрөө өөрийнхөө төлөө доктор хамгаалж байгаа. Тэгсний төлөө татвар төлөгчдийн мөнгөнөөс нэмэгдэл авч болохгүй биз дээ. Тиймээс эрдмийн дээд зэрэг бол доктор байх олон улсын жишгээ дагах, доктор хамгаалуулах профессыг мөн олон улсын жишигт оруулах хэрэгтэй. Мөн Профессор, Дэд профессор бол их сургуулийн албан тушаалын зэрэглэл түүнээс биш цол огт биш. Их сургуулиас гараад компанид очсон ч гэсэн уг цолтойгоо яваад байдаг. Олон улсад ийм жишиг байхгүй. Тиймээс эрдмийн зэрэг цолны асуудлыг шийдэж, нэг тийш болгоё гэж бодож байна.

Төр, хувийн олон их, дээд сургуулиуд боловсон хүчний илүүдэл бий болгож, шаардлагатай мэргэжлээр, оновчтой бэлтгэж чадахгүй байгааг хэрхэх вэ?

- Хөдөө орон нутагт очиход малын эмч, шүдний эмч, бага ангийн багш, инженер зэрэг боловсон хүчний эрэлт их байдаг. Манай хуучны боловсролын систем орон нутгийн захиалгаар боловсон хүчин бэлтгэх, сургалтын төрийн сангаас тэтгэлэг олгодог байсан. Гэтэл өнөөдөр орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэхгүйгээр эрэлт багатай мэргэжлээр сурч, ирээдүйд ажилгүйчүүдийн тоог нэмэх, эсвэл өөр мэргэжлээр ажиллах болдог. Тиймээс тухайн орон нутгийн эрэлт, захиалгаар мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Жишээлбэл тухайн орон нутаг төрийн сангаас танайд 300 хүүхдийн квот тогтооё, энэ бүс нутагт чинь хэрэгтэй байгаа мэргэжил юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна. Сургалтын төрийн сангаас тэтгэлэг аваад, орон нутагтаа эргэж очоод дөрвөөс таван жил ажиллах зарчмаар сургах боломжтой. Үүний дараа дуртай газар ажиллах нь тухайн хүүхдийг сонголт болдог байх жишээтэй. Ингэж ирээдүйн боловсон хүчинг орон нутгийн хөгжилтэй уялдуулахгүй бол өнөөгийн дээд боловсрол, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээл дэх тэнцвэргүй байдал арилахгүй.

Одоо байгаа их, дээд сургуулиуд аль нь сайн, аль нь чанаргүй гэдгийг залуучууд судалж, мэдэхгүйгээр сонголтоо хийхдээ алдах тохиолдол их байдаг. Энэ байдлыг эрх зүйн хувьд зохицуулах боломж бий юу?

- Их сургуулиудыг эрэмбэлэх нь зөв. Олон нийтэд тухайн сургуулийн чанарыг эрэмбэлж бодит мэдээллийг нээлттэй болгох ёстой. Реклам сурталчилгаагаар өөрсдийн сургуулиа хамгийн том, хамгийн мундаг гэсэн хэр нь очихоор маш доогуур түвшинд байх нь олонтаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар эрэмбэлж сургалт, судалгааны чанар, оюутанд үзүүлж буй үйлчилгээ гэх мэтчилэн шалгуур үзүүлэлтээр жагсаах юм. Энэхүү жагсаалтыг магадгүй хувийн сургууль ч тэргүүлж болно. Үүний тулд тухайн боловсролын байгууллага сургалт, судалгаа, бусад үйлчилгээндээ анхаарч чанар сайжирна. Мөн иргэд сурталчилгаанд хууртагдахгүй, хүүхдийнх нь орох гэж байгаа сургууль хэдэд жагссаныг бодитоор харах боломжтой болох юм.

Боловсролын багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр та их, дээд сургуулийн академик эрх чөлөөний талаар анхаарах ёстой гэж хэлж байсан. Одоо байгаа манай төрийн их сургуулиудад академик эрх чөлөө олгож чадахгүй байгаа гэсэн үүднээс санаагаа илэрхийлсэн үү?

- Академийг эрх чөлөө гэдэг бол аливаа судлаач хэн нэгнээс хараат бусаар өөрийнхөө судалгааг хийх, судалгааны үр дүнд хэн нэгэн нөлөөлөхгүй байхыг хэлнэ. Ямар нэг үзэл сурталд автахгүйгээр хичээлээ заах боломжийг хэлнэ. Нэгдүгээрт шинжлэх ухаанаас гажихгүйгээр хичээлээ заах, хоёрдугаарт хэн нэгний нөлөөгүйгээр судалгаа хийж үр дүнгээ гаргах асуудал юм. Тэгэхээр энэ эрх чөлөө хэзээ бий болдог вэ гэхээр их, дээд сургууль төрөөс хараат бус байсны үр дүнд. Ингэж байж шинжлэх ухаан хөгждөг. Төрийн шийдвэрт академик буюу шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт, шүүмж орж ирдэг гэсэн үг.

Дэлхийн шилдэг их сургуулиудын жишгийн дагуу ТУЗ-өө улс төрөөс хараат бус байлгаж захирлыг мерит зарчмаар хамгийн чадварлаг хүнээ томилсон үед академик эрх чөлөө бүрдэх суурь болно. ЗГ-аас өргөн барьсан хуулийн төсөлд ТУЗ дахь үүсгэн байгуулагчийн төлөөлөл 51 хувь байна, захирлыг сайд томилно гэж орж ирж байгаа. Миний хувьд хараат бус байх нь сонгодог жишиг гэж харж байна. Их, дээд сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийг хараат бус болгож, өөрсдөө сонгон шалгаруулж, магадгүй хоёр эсвэл гурван хүнийг сонгон шалгаруулаад нэгийг нь салбарын сайд томилж болох юм.

Бас нэг ярих ёстой зүйл бол дээд боловсролын салбарт судлаачид асар их гайхамшгийг бүтээх боломжтой. Түүнчлэн асар их хор уршигтай зүйлийг ч бүтээх чадамжтай байдаг. Тиймээс багш нарын хувьд давхар ёс зүй, ёс суртахууны асуудал зайлшгүй хуулиар хөндөгдөнө. Ёс зүйн асуудлыг нэг талаас шинжлэх ухааны Ёс зүйн хороо гэж байгуулах нь зүйтэй. Сургалтын талын ёс зүйн хувьд Багшийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгаж, багш нарын мэргэжлийн холбоогоор дамжуулан асуудлыг шийддэг байх нь зүйтэй гэж харж байна.

БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН ЗОРИЛГЫН НЭГ БОЛ ХҮҮХДИЙГ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ БОЛГОХ

“Боловсролын байгууллага бол хүний хөгжлийн төв” болох ёстой гэж яриад байгаа. Энэ тал дээр хуульд ямар заалт байгаа вэ? 

- Боловсролын бүх байгууллага тухайн орон нутагтаа Насан туршийн боловсролын төв байвал манай улс шиг хүн ам цөөн, тархай бутархай газар зөв зохион байгуулалт болох юм болов уу гэж бодож байна. Тиймээс тухайн орон нутагтаа байгаа ард түмнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, өөрсдийн номын сан, биеийн тамир, соёлын заалаараа үйлчилдэг, анги танхимдаа сургалт зохион байгуулдаг төв байгаасай гэж хүсч байна. Үүнээс гадна манай боловсролын үндсэн зорилгын нэг бол хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвартай болгоход орших ёстой. Одоо манай ард иргэдийн өөрсдийгөө насан туршдаа хөгжүүлж суралцах чадвар хэр байгаа билээ, үүнийг сайжруулмаар байгаа юм.

Хичээлийн шинэ жилийн эхэнд их, дээд сургуулийн сургалтын төлбөр, Төрийн сангийн зээлтэй холбоотой асуудал хөндөгддөг. Энэ талаар хуулиар зохицуулах боломж бий юу?

- Сургалтын төлбөрийг хуулиар зохицуулах боломжгүй. Харин Төрийн сангийн зээл, тэтгэлгийн асуудлыг илүү сайн тусгах хэрэгтэй. Тэтгэлгийн хувьд сургуулийн чанар, сурлага болон мэргэжилтэй нь уялдуулах ёстой. Манай улсад хэрэгтэй мэргэжлээр сурч байгаа хүүхдэд түлхүү тэтгэлэг олгох зарчмаар явна. Оюутны хөгжлийн зээлийн хувьд бүх оюутнуудад нээлттэй.

Боловсролын багц хуулийг дагалдан хэр их журам гарах бол?

- Хуулийг дагаад элсэлтийн ерөнхий шалгалт, Боловсролын үнэлгээний төв, магадлан итгэмжлэл, холбогдох стандартууд, сурах бичгийн зөвлөл гээд бүгд өөрчлөгдөнө. Энэ хууль бол бол боловсролын салбарын реформ болно.