”Эрдэнийн хувь”, ”Эх орны хишиг”-ийг мөнгөн бус хэлбэрээр авахыг иргэд илүүд үзжээ
2009.07.03

”Эрдэнийн хувь”, ”Эх орны хишиг”-ийг мөнгөн бус хэлбэрээр авахыг иргэд илүүд үзжээ

УИХ-ын нэгдэн чуулганаар "Эх орны хишиг" сангийн тухай болон Баянмонгол корпорацийн "Эрдэнийн хувь"-ийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан www.vip76.mn мэдээллийн сайтаас нэгэн сонирхолтой судалгааг сайтынхаа зочдын дунд явуулжээ.

Энэхүү судалгаа нь Та "эх орны хишиг"-ийг ямар хэлбэрээр авахыг илүүд үзэж байна вэ? гэсэн ердөө ганц асуулттай ажээ. Зургадугаар сарын 3-ны өдрөөс бүтэн нэг сар үргэлжилсэн судалгаанд нийт 801 хүн оролцсон байна.

Судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 49.8 хувь буюу 399 нь "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг"-ийг бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн 51.2 хувь буюу 402 нь мөнгөн бус хэлбэрээр олгох нь зүйтэй хэмээн үзжээ. Харин мөнгөн бус хэлбэрээр авах хүсэлтэй иргэдийн 20.6 хувь буюу 165 нь хувьцаа хэлбэрээр хэлбэрээр авахыг илүүд үзэж, 18 хувь нь буюу 144 нь орон сууц, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах замаар, 10.1 хувь буюу 81 нь үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр, 1.5 хувь буюу 12 нь өөр бусад хэлбэрээр иргэдэд хүртээсэн нь илүү үр ашигтай хэмээн үзжээ. Мөн дээрх судалгаанаас гадна "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"-ийн талаарх таны үзэл бодол, байр суурь мөн та ямар хэлбэрээр авахыг илүү үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа талаар хэлэлцье!" гэсэн нэртэй хэлэлцүүлэг сайтын зочдын дунд явуулсан байна. Хэлэлцүүлэгт асуулт хариулт нийлсэн 135 хэлэлцүүлэг иржээ.

Хэлэлцүүлгээс харж байхад мөнгөн хэлбэрээр авахыг хүсэгчдийн олонх нь санхүү, эдийн засгийн хямралтай энэ хүнд хэцүү цагт мөнгөн хэлбэрээр өгч иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд хишиг хүртээх нь оновчгүй учир нь доод, дээд албан тушаалтнууд нь идээд дуусна гэсэн санал бодолтой байна.

Харин мөнгөн хэлбэрээр авахыг хүсээгүй хүмүүс энэ их мөнгийг бэлнээр иргэдэд тараагаад эхэлбэл зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт ихэсч ханш нь унаж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ингэхээр 1.5 сая төгрөг авсаны ашиггүй болно хэмээн үзэж байна.

Судалгаанаас харахад иргэдийн олонхи нь мөнгөн хэлбэрээр өгөх нь үр ашиг муутай гэдэгтэй санал нийлж байна. Хувьцаа, үйлдвэржилт, дэд бүтэц, орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд сонгуулиар амалсан мөнгөө үр ашигтай зарцуулахыг иргэд эрх баригчдаас хүсэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.