О.Цогтгэрэл хөдөө орон нутгийн асуудал шийдэлтэй танилцаж байна
2021.06.21

О.Цогтгэрэл хөдөө орон нутгийн асуудал шийдэлтэй танилцаж байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголын 76 асуудал шийдэл хөтөлбөрийнхөө хүрээнд Баруунхараад саатаж Батжаргал даргатай Баянгол сумын удирдлагуудын ажил, амжилт, асуудал, шийдэлтэй нь танилцжээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичсэн байна.

Хүн амын тоо, малын тоо, тариалангийн талбайн хэмжээ, уурхайнуудыг нь харахад яаж ч бодсон Баянгол том сум ажээ. Уул уурхай тойрсон, бичил уурхай дагасан, бэлчээр, тариаланчдын зөрчил хамарсан өнөр асуудлууд дунд харин сумын удирдлагууд тун ч сүрхий ажиллаж байгаа нь ярианаас нь, хийсэн хийгээд хийхээр зорьж буй ажлуудаас нь, босгож бүтээсэн зүйлээс нь тод харагдаж байна.
Иргэдийн маань ихэнх нь уул уурхай дагаж байнаа, урьд нь ч ийм байсан, одоо ч ийм байгаа.

Уул уурхайнд хэдэн кемп, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийг урьд нь ч дэмжиж байсан, одоо ч дэмжиж байна. Бид харин зураг, хүсэл, төслөө л гаргаад гүйцэтгэл, төсөв рүү нь оролгүй явсны дүнд сүүлийн 5 жилд иргэдэд хэрэгтэй, сум орон нутагт ээлтэй хэд хэдэн ажлуудыг харин хийгээд амжсан шүү гээд Батжаргал дарга сонирхууллаа.

Иргэдийн орлого, ажлын байрны боломжийг бүрдүүлэхэд анхаарсан олон ажлыг уурхайнхан нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсний нэг нь сумынхны нарийн ногооны 120 га талбайг хашаалах ажил, түүгээр ч зогсохгүй эмнэлэг, ахмад залуучуудын өргөөг хүртэл тэд барьж ашиглалтанд өгсөөн гэж тэр өгүүлж, түүнээ ч орж сонирхууллаа.

Өмнөх удирдлагууд уурхайн дэмжлэгийг юу болгов, та нар гэтэл ингээд бидэнд хэрэгтэй зүйл хийж байна шүү гэж ганц нэг иргэн хэлж л байдаг юм, тэдэнд хэрэгтэй л зүйл болж байвал хэн хэндээ л сайн сан, даан ч урсгал зардлыг нь улс шийдэж өгдөггүй бэрхшээл байдаг шүү гэж мань эр бас “ховлоод” амжив.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn