Н.Наранбаатар: Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, иргэдээ ажилтай,орлоготой байхад анхаарсан төсөв болсон
2021.03.11

Н.Наранбаатар: Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, иргэдээ ажилтай,орлоготой байхад анхаарсан төсөв болсон

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын чуулган хорио цээрийн дэглэмийн онцгой үед боллооЧуулганаар хэлэлцэхээр товлосон хуультогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж чадсан уу?

-Улсын Их Хурлын намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэж шийдвэрлэсэн. Намрын чуулганаар нийт 87 хууль, Улсын Их Хурлын 45 тогтоол хэлэлцэж, нэгдсэн чуулган 82 хоног хуралджээ. Үүнээс нэгдсэн чуулган 31 удаа, байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралдсан. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохион байгуулагдсан анхны чуулган байснаар онцлогтой. Мөн коронавируст цар тахлын үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой үед үйл ажиллагаа явуулсан. Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан.

Улсын Их Хурлын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зэрэг олон хуулийг баталлаа.

Цаг үеийн үүссэн нөхцөлтэй холбогдуулан Коронавируст халдвар "ковид-19"-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалах эдийн засгийг дэмжих арга хэмжээг авлаа. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан.

-Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсан бэ?

-Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд санаачлан хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан. Үүний дагуу Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудаас саналыг авч үндсэн чиглэлд оруулсан.

-Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?

-Үндсэн чиглэл батлагдсанаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил дөрвөн жилийн хугацаагаар төлөвлөгдөнө. Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль зүйн орчныг бүрдүүлэх үр нөлөөтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж салбарын хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай энэ үед чухал бодлогын баримт бичиг болох юм.

-Ковид-19 цар тахлын үеийн Монгол Улсын 2021 оны төсвийн онцлог юу вэ?

-Коронавируст цар тахлын үед өмнөх оны төсвийн орлого ихээхэн буурсан. Энэхүү эдийн засгийн бууралтыг зогсоох, эдийн засгийг дэмжих гэдгээр 2021 оны төсөв онцлогтой. Засгийн газраас аж ахуйн нэгжийн ажлын байр, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийж, дотоод нөөц бололцоондоо тулгуурласан олон арга хэмжээг авч байна. Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарсан төсөв болсон.

-Таны сонгогдсон тойрогт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын ямар ажлуудын гүйцэтгэх вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций, Булган, Номгон, Даланзадгад сумдад өмнөх жилүүдэд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлэн нийт 6.783,6 сая төгрөг, Сэврэй, Номгон, Манлай сумдын эрүүл мэндийн төвийн барилгын ажилд нийт 2.644,8 сая төгрөг, Баяндалай, Булган, Баян-Овоо, Манлай, Мандал-Овоо, Номгон, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Сэврэй, Цогт-Овоо сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машиныг худалдан авахад зориулан 429.0 сая төгрөг тус тус төсөвлөсөн. Даланзадгад сумын МХГ-ын лабораторийн барилгад 607.3 сая төгрөг, Баяндалай сумын Соёлын төвийн барилгын ажилд 2.320.7 сая төгрөг,Булган суманд хөдөө аж ахуйн дундын техник үйлчилгээний явуулын барилга, тоног төхөөрөмжид 650.0 сая төгрөг тусгагдсан.

Шинээр Даланзадгад сумын спорт цогцолборт тоног төхөөрөмж 195.0 сая төгрөг, Ноён,Сэврэй, Цогтцэций сумдын сургуулийн тоног төхөөрөмжид 300.0 сая төгрөг, Баяндалай, Ноён, Ханхонгор, Хүрмэн сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын сум дундын лаборатори 240.0 сая төгрөг, Булган сумын цэцэрлэгийн барилгын их засварын ажилд 99.0 сая төгрөг, Цогт-Овоо сумын цэцэрлэгийн барилгын их засварт 137.0 сая төгрөг, Даланзадгад сумын Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд рентген аппаратаар тоноглогдсон эмнэлгийн автомашин худалдах авахаар 300.0 сая төгрөг тус тус төсөвлөгдсөн.

-Өмнөговь аймаг Молекул биологийн лаборатори ашиглалтад орж саяхан нээлтээ хийсэнИнгэснээр PSR шинжилгээг орон нутагтаа бие даан оношлогоо хийх боломжтой болсон уу?

-Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн Засаг дарга, ЗДТГазар, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, Австралийн Элчин сайдын яам, Говийн Оюу хөгжлийг дэмжих сантай хамтран “Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг 2017 оноос санаачлан 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлэн ажилласан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, Олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлын халдварыг эрт илрүүлэх, оношлох, тархалтыг бууруулахад болон цаашид Говийн бүсийн хүн амд молекул биологийн шинжилгээ, оношилгооны тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх талаар бид удаа дараа уулзан санал солилцож ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдөр бидний санал санаачлага бодит биеллээ олж Рио тинто Монголиа компанийн 430,0 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар Оюу толгой болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Молекул биологийн лаборатори маань ашиглалтад орсонд баяртай байна.