УИХ-ын гишүүн С.Чинзоригийн шийдвэрээр УИХ-ын Ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг боллоо
2020.12.21

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн шийдвэрээр УИХ-ын Ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг УИХ-ын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзоригийн шийдвэрээр УИХ-ын Ажлын хэсэгт туслах Ажлын дэд хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын дэд хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ажиллаж, тус хэсэгт УИХ, Засгийн газар, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, хуульчид орсон байна.

Ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг 12-р сарын 18-ны өдөр болж, хуулийн төслийг эцэслэн батлуулахад бэлэн болгох, хуулийн төслийг өөрчлөх санал, дүгнэлтийн томьёоллыг бэлтгэх ажлын зохион байгуулалт болон богино хугацаанд хэрхэн үр дүнтэй ажиллах талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн талаар товч танилцуулж, асуулт хариултаар үргэлжлэв.

Ажлын дэд хэсгээс ажлын төлөвлөгөө гаргаж, УИХ-ын Ажлын хэсэгтэй хамтран ажиллах юм байна.