Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулна
2020.12.02

Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулна.

Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. Улсын хэмжээнд 72 байршилд 2,301 хүнийг тусгаарлаад байна.

Мөн халдвар гарсан аймгууд болон Улаанбаатар хот, ХӨСҮТ, тусгаарлах байрууд, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Дээрх газруудад мөн нэг сарын хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийж эхэлжээ.