Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ
2020.04.03

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

БСШУСЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэг карантилаад буй. Тиймээс элсэлтийн шалгалт хэрхэн яаж явагдах, төгсөх ангийн оюутнууд шалгалт хэрхэн яаж өгөх зэрэг маш олон асуулт эцэг эхчүүдээд ирж байна. Үүнд хариулт өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс болж 65 хоног сургууль, цэцэрлэг хичээллээгүй байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Энэ хугацаанд дэлхийн бусад улс орны жишгийг дагаж Ерөнхий боловсролын сургууль теле болон цахим хичээл, их дээд сургууль онлайн сургалтыг зохион байгуулж байна. Мөн энэ хугацаанд 3020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий. Олон нийтийн зүгээс теле хичээл зохион байгуулж байгааг сайшааж байгаа.

Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу гэж бодож байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй гэж үзэж байна. Арванхоёрдугаар ангийнхандаа зориулсан тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дахинд коронавирусийн халдвар улам нэмэгдэж, хүндрэлтэй байгаа тул тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ. Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Мөн танхимын давтлагыг яаж зохион байгуулах талаар судалж байгаа” гэв.