С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг 2021 он болгож хойшлуулсан
2019.12.25

С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг 2021 он болгож хойшлуулсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдаад улс орны төсөв, санхүүгийн байдал амаргүй, хүнд нөхцөлтэй байгаатай холбогдуулан ОУВС-тай хэлэлцээр байгуулж, санхүүгийн өргөтгөсөн хэлэлцээрийн хүрээнд дэмжлэг авч ажиллахаар болсон.

Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах зорилгоор Нийгмийн даатгалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Тухайлбал, гурван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх гэсэн ийм зүйлүүд дээр Засгийн газар хэлэлцээр байгуулж, 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалтай холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар 2018 онд хоёр хувиар, 2019 онд нэг хувиар, 2020 онд хоёр хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Шимтгэл нэмэгдүүлэхгүйгээр орлогоо бүрдүүлээд яв гэдэг чиглэлийг өгсөн учир 2017 онд батлагдсан 2020 оны нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх хуулинд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эсвэл үйлчлэлийг нь хойшлуулах зайлшгүй шаардлага бий болсон. Үүнийг Их хурал дээр хэлэлцэн 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх үйлчлэлийг 2021 он болгож хугацааг нь хойшлуулсан.