Хэвлэх CIIE 2019: “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ.
Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж,
2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна. "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгох нь Хятадын гадаадад нээлттэй байх итгэл үнэмшил, үйл ажиллагааг бүрэн харуулж байна гэдгийг тэрээр хэлсэн юм.
Хятадын олон улсын импортын 2019 оны үзэсгэлэнд дэлхийн 150 орны 3000 гаруй компани оролцож байна. Монгол Улс үзэсгэлэнд анх удаа энэ жил оролцож байгаа бөгөөд Монголын уул уурхай, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр компаниуд бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилж буй тухай МҮХАҮТ-аас мэдээлжээ.
Уул уурхайн чиглэлээр Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд оролцсон байна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд, Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах уурхайн нэгдсэн төсөлд гарын үсэг зурах ёслол болжээ. Тодруулбал, Монголын “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын Умардын аж үйлдвэрийн групп, ӨМӨЗО-ны Бугат хотын захиргаа, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн тухай “Сhina.com” цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Тус хэлэлцээрт Тавантолгой уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая тонн хүргэж нэмэгдүүлэх, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд коксжих нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын ложистик, Хятад дахь борлуулалт зэрэг байгууламжийг дэмжихээр тусгажээ. Мөн хоёр орны тээвэр, эдийн засаг, худалдааны холбоо, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ахиулан, ӨМӨЗО-ны боомтуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих асуудал багтаж буйг мэдээнд дурджээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар, экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, дэмжих зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгосон. Энэ дагуу экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан юм. Төсөлд, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэх, эхлэх хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн тусгасан. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн барилгын ажилд 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд үүнийг “Монголын төмөр зам” компанийн үнэт цаасыг худалдан авах замаар шийдвэрлэхийг Засгийн газар үүрэг болгосон юм.
Э.Од