УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэллээ
2019.08.16

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар “100 залуус – 100 ажлын байр” хөтөлбөр хэрэгжиж эхлээд буй.

СХД-т хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд Бүтээгч сургалтын төвтэй хамтран төмөр замын мэргэжил олгох онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сурагчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслол болж өндөрлөв.

Сургалт өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд, тойргийнхоо ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгож, ажилд зуучлах зорилготой. Тухайн салбарын доктор, профессорууд мэргэжлийн хичээл орж, төмөр замын суурь мэдлэг олгосон юм. Суралцагчдын мэргэжлийн үнэмлэхийг УИХ-ын Ц.Гарамжав гардуулж, тэдний 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болсон байна. Мөн дадлагаа сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллагууд авч ажиллахаар болжээ.

УИХ-ын тогтоол, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа энэ үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа юм. Тиймээс төмөр замын мэргэшсэн ажилтан маш чухал байгаа талаар Улаанбаатар төмөр замын зөвлөх инженер, гавьяат тээвэрчин Н.Хуягбаатар онцолсон юм.

Тухайлбал, ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжил өдгөө эрэлт хэрэгцээ их байгаа юм. Үүнтэй холбогдуулж, сургалтад хамруулсан иргэдийг Төмөртэйн өртөө, “УБТЗ” Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагуудад дөрвөн сарын турш практик дадлага хийлгэжээ. Сонирхуулахад сургалтад хамрагдсан иргэдийн 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болжээ. Харин дадлага сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллага нь ажиллуулахаар болсон байна.