МоАХ сонгуулийн хувьсгалд уриалав
2012.02.20

МоАХ сонгуулийн хувьсгалд уриалав

МоАХ-ны IV их хурал өнгөрсөн бямба гаригт болж, хийсэн бүтээснээ дүгнэж, ирээдүйгээ тодорхойллоо. 2006 онд тус холбооны тэргүүн болсноосоо хойш гишүүддээ тайлан тавиагүй хэмээх шүүмжлэлийг Х.Баттулга хүлээн авчээ.

Тэрбээр хийж чадаагүй ажлаа ч илтгэлдээ дурдаж, яагаад чадаагүй тухайгаа тайлагнав. Ардчиллыг дэмжигчид нам үл харгалзан уг байгууллагад нэгддэг. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, тэмцэж явсан партизанууд, шинэ үеийн залуус, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхнөөс хуралд иржээ. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин болон АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл нар харагдсан. МоАХ-ны тэргүүн Х.Баттулга тэртээ 22 жилийн өмнө МоАХ анх байгуулахад зорьж байсан бүхэн нь эдүгээ 180 хэм өөрчлөгдөөд байгааг ярьж, түүнд хүрэхэд саад болсон МАН болон өөрийн намыг ч хатуухан шүүмжиллээ. Юуны өмнө ардчиллыг эдийн засгийн ололтоор батжуулж чадаагүй, энэ талаар хийх олон ажил байгааг онцлов. Үүнийгээ тэрбээр тоо баримтаар тодотгов. “Дэлхийн улс орнуудын Ардчиллын индекс” -т Монгол Улс 2006 онд 56 дугаар байрт байсан бол 2011 онд 69 болж хойшилсон аж. Сонгууль шударга болдог уу, иргэдийн саналын нууцлал ямар вэ, Засгийн газарт гаднын нөлөө байдаг уу гэх мэт асуултад манай улс бүдэрсэн юм байна.

 

Мөн хэвлэлийн эрх чөлөөгөөр 2010 онд 76 дугаарт байсан бол 2011 онд 100-д оржээ. Ардчиллын үзүүлэлтээр Монгол зогсолтгүй ухарч буй гэнэ. Асар их баялагтай атлаа хүн амын 40 хувь нь ядуу. Гэтэл 22 жилийн өмнө МоАХ чинээлэг дундаж давхарга давамгайлсан нийгэм байгуулахыг зорьсон. Тэгвэл АН эдийн засгийн хувьс галд уриалж, МАН өсөлт 20 хувь хүрлээ хэмээн шагшиж буй нь ер дөө л “дүр эсгэсэн” хэрэг хэмээн тэр үзжээ. Уг нь
МоАХ тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн гэнэ. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа тэрбээр Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж, боловсруулах үйлдвэр барьж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна. Гэвч үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдийг гараас гаргахад харийн нөлөө оролцоод гацаад буй гэнэ. Үндэстэн дамнасан корпорациуд манай улсыг хэдийнэ атгаж орхисон тул сонгуулийн хувьсгалаар л үүнийг цэгцлэх ганц боломж үлдсэн хэмээн тэр илтгэлдээ онцлов. Өөрөөр хэлбэл, ардчиллын замыг хазайлгасан хүмүүсийг УИХ-д сонгохгүй байх замаар хариуцлага тооцох ёстой гэлээ.

 “Тиймээс МоАХ ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө чадах бүхнээ хийж ирсэн. Шаардлагатай цаг ирвэл бид амиа өгч байгаад ч хамаагүй үндэстнийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулж, ард түмний язгуур эрх ашгийг хамгаална хэмээн гадаадын сонирхолд найр тавин үйлчилж байгаа этгээдүүд, тэднийг илтэд дэмжиж буй  улстөрчдөд хэлье” гэлээ. Цаашид итгэл үзүүлбэл бусдад биш, өөрийн хүч хөдөлмөрт найдаж, боловсруулах үйлдвэр хөгжүүлэн, хууль ёсоо мөрдсөн нийгэм байгуулж чадна гэж тэр мэдэгдэв. Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Д.Бямбас үрэн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар үг хэлсэн. Чөлөөт ахмадын холбооны ерөнхийлөгч Г.Баасан, Дарь.Сүхбаатар гэх мэтээр үг хэл сэн иргэний хөдөлгөөнийхөн цагаан морин жилийн хувьсгалыг дахин хийх хэрэгтэй хэмээн сануулж байлаа. Шинэ үеийн залуус ч анхны зорилго замаасаа хазайсныг шүүмжилж, өөрчлөх цаг болсныг хэлэв. Их хурлын төгсгөлд МоАХ-ноос иргэддээ хандан уриалга гаргасан байна. Үүнд “МоАХ эх орондоо эрх зүйт төртэй, шударга ёсыг хэм хэмжээгээ болгосон хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгмийг жинхэнэ ёсоор цогцлоох ариун тэмцэлд дахин босож нэгдэхийг уриалж байна” гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.