УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томиллоо
2019.05.09

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томиллоо

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасан.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нариын бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Тус байнгын хороо Лувсандоржийн Өлзийсайханыг томилохыг дэмжсэн юм.


Үүний дараагаар зарим гишүүд байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын гишүүдээс тавьсан асуулгуудыг хэлэлцүүлэх тал дээр анхаарч ажиллаарай" гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өмнөх хүнийхээ дэвшилттэй ажлуудыг  үргэлжлүүлээрэй. УИХ-аар баталсан хуулийг сурталчлах тал дээр анхаарч ажиллаарай" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн " 76 гишүүний эвийн олж ажиллах амаргүй. УИХ-ын дарга томилж, чөлөөлдөг ч гээд түүнд л үйлчлээд байж болохгүй шүү. УИХ-ын судалгааны хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай" хэмээн сануулсан юм.

Ингээд УИХ-ын гишүүдийн олонхий саналаар Ц.Цолмонг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо.