“Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө
2019.05.01

“Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-  Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

-  Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгав.

-  Худалдан авах ажиллагааг яаралтай байгуулж, 06 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэгчтэй гэрээ хийж дуусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулах төсөл, арга хэмжээий зураг төсөл, ТЭЗҮ зэргийг  05 дугаар сарын 06-ны дотор тус газарт хүргүүлэхийг үүрэг болголоо.

-  2018 оныг дуустал орон нутгийн төсвөөс олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн өр төлбөрийг эхний хагас жилд багтаан орон нутгийн нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 2018 оны эцийн байдлаар найман дүүрэг, 10 аймгийн халамжийн сангийн төсөв 7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарчээ.

-  Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна.

-  “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана. 

-  БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

-   Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Нийт нутгаар хур тунадасны хэмжээ 2019 оны зун, намрын улиралд олон жилийн дундаж түвшнээс ихсэх урьдчилсан төлөв гарчээ. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол, сүйрэл гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон ойрын хугацааны тээвэрлэлтийн өсөн нэмэгдэх хэмжээг харгалзан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Төв” коридорын суурь бүтцийн зарим хэсгийг эхний ээлжинд хөгжүүлэх хүрээнд гол замын их засварын хугацаа хэтэрсэн 177 км замд их засвар, металь гүүрийн их засвар, Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хооронд уулзваргүй буюу холбоосгүй зам тавих, найман өртөө, зөрлөгт өргөтгөл, таван өртөөнд зам сунгалт,  зүтгүүрүүдийг  нэмж тоноглох, ачааны зүтгүүрийн парк шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг арилжааны зээлээр бүрдүүлэх замаар санхүүжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.