Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын автозамын  талаар мэдээлэл хийлээ
2019.04.30

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын автозамын талаар мэдээлэл хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонсож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: 

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайлан, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын автозамын  талаар мэдээлэл танилцуулав.

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам” төслийн талаар танилцуулав. Энэхүү авто замын төслийг концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж тусгасан. Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зарлан, “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулаад байгаа гэв. Концессын гэрээнд: Төслийн нийт хөрөнгө оруулалт 412.633.000 ам.доллартай тэнцэх төгрөгөөс илүүгүй байхаар, хугацаа 14.5 жил байхаар, авто замыг барьж дуусгах хугацаа концессын гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жил байхаар, концесс эзэмшигчийн концессын зүйлийг ашиглах хугацаа 12 жил байхаар, шинээр баригдах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг зөвхөн Гашуунсухайт чиглэлд ачаа ачсан тээврийн хэрэгсэл зорчихоор, харин одоогийн ашиглаж байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замыг ачаагүй тээврийн хэрэгсэл зорчих буцах авто зам болгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх авто замын төслийг концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж тусгасан. Тус төслийн концессын гэрээг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто төслийг зураг концессын “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгасан. Одоогоор концессын шууд гэрээний урилгыг шинээр гаргаад байгаа аж. 

Зам, тээврийн хөгжлийн сайд үргэлжлүүлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцуулсан юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51-ээс доошгүй хувийн эзэмшилтэй “Зүүнбаян төмөр зам” хамтарсан компани байгуулж, концессын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 153 дугаар тогтоол гарсан. Гэвч Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, ерөнхий гүйцэтгэгчээр “Монголын төмөр зам” ТӨХК, доод суурийн бүтцийг  Зэвсэгт хүчний жанжин штаб байгуулахаар шийдвэрлэн, ажиллаж байгаа гэв.