2019.04.24

УИХ-ын гишүүн Л.Болд сайд нарт санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт санал хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

2019 онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөр баталж арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгохоор шийдвэрлэсэн.

2018 оны байдлаар Улаанбаатар хотод баригдаж байгаа нийт 62.339 айлын орон сууцны 95% буюу 59.426 нь Нийтийн орон сууц, 4,5% буюу 2.913 нь амины орон сууц байна. Мөн нийслэлийн нийт өрхийн 60 гаруй хувь гэр хороололд амьдарч байгаа, тэдгээрийн 80 гаруй хувь нь өөрсдийн үнэ цэнэтэй газар дээрээ тохилог амины орон сууцанд амьдрах хүсэлтэй нь судалгаагаар гарчээ.

Гэтэл “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан” байх гэсэн шаардлага оруулж өгсөн нь өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц бариулж буй иргэдийн эрхийг зөрчсөн, улмаар зээл үндсэн зорилт биелэхэд зохиомол саад үүсгэхээр байна.

Иргэдийн өөрсдийн газар дээрээ амины орон сууц бариулах хүсэл газрын наймаачид, ашиг хонжоо хайгч хэдхэн компани, эрх мэдэлтний эрх ашигт тулж, хана мөргөөд зогсоолгүй, ногоон байгууламжгүй, түгжрэл, хэт төвлөрөлийн эх үндэс болсон "Бетонон ширэнгэ"-ээс өөр сонголтгүй болж байна.

Судалгаагүйтөлөвлөгөөгүйхяналтгүйгээр баригдсан нийтийн орон сууц хэт олон болж, дэд бүтэц нь ачааллаа даахгүй, улсын сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж хүрэлцэхгүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй болох зэргээр иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд: 

Нэгдүгээрт 

Нийт ипотекийн зээлийн эх үүсвэрийн 80 хувиас доошгүйг гэр хорооллын иргэдэд хэсэгчилсэн болон бие даасан дэд бүтцийн шийдэлтэй агаар, хөрсний бохирдолгүй амины орон сууц барихад санхүүжүүлэх бодлогыг баримталж ажиллах, 

Хоёрдугаарт

Зээлийн зорилтыг хангахад саад болж буй журамд тусгасан зарим нэмэлт нөхцлийг эргэн харж, зээлийн шаардлагыг боломжит хэлбэрээр хөнгөвчлөх талаар анхаарч ажиллана уу гэсэн байна.