УБ-Дархан чиглэлийн авто замыг дөрөвдүгээр сарын 25-наас хааж, түр замаар зорчуулна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад албаныхан өнгөрсөн баасан гаригт нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км замыг шинээр барих Засгийн газрын шийдвэрийг танилцуулж,авто замын өнөөгийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах болсон талаар тайлбар өгсөн юм.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан
“2019 онд баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у/м төмөр бетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам ашиглалтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Мөн шинээр барих хоёр эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, тус банкны журмын дагуу бэлтгэл ажлыг хийж, зээлийн хэлэлцээр явагдаж байна.
Энэхүү авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг ирэх сарын 25-наас арван нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сумдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган ашиглахаар шийдвэрлэлээ. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчих тээврийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болсон” гэв.
Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд
“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтэй холбоотой түр замыг тавих хэд хэдэн хөтөлбөр гаргасан байгаа. Үүнээс хамгийн боломжтой нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замууд Баянчандмань, Жаргалант, Баянгол, Хонгор сумдын хажуугаар нь төв зам гарна. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 гаруй хувиар замын эрчим буурч байгаа юм. Том оврын автобусуудыг вагонд шилжүүлж ачуулахаар төлөвлөж байна. Мөн зорчигч тээврийг нэмэлт вагон гаргаж явуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.
Улаанбаатар-Дарханы хооронд явах авто замыг бүрэн чөлөөлж, түр явах замыг гаргах ажил явагдаж байна. Зарим нь байгалийн хөрсөн зам, зарим газар шинэ зам тавихаас аргагүй байдалд хүрчээ. Тиймээс воганыг ашиглан том оврын автомашин тээвэрлэх ажлыг хийхээр болсон байна. Өдөрт 60-70 том оврын автомашин явдаг гэсэн тооцоо байдаг аж. Тиймээс воганд ямар ч ачаалал өгөхгүйгээр тээвэрлэлт хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгддэг байна. Оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарчээ.
Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болдог. Тиймээс энэ чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр тавихаар болж, түр зам гаргахаар болсон байна.
Мөн Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн замыг мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Энэ замын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Замын ажлыг БНХАУ-ын талаас бүрэн хариуцан хийхээр болжээ.
Уг замын зураг төслөөр олон улсын стандартын шаардлагыг хангасан гэрэлтүүлэг зэрэг бүхий л зүйлийг багтаасан байна. Авто замын хажуугаар дугуйгаар аялах зэрэг аюулгүй зорчих байдлыг хангах аж.
Өдрийн сонин, сэтгүүлч Б.АМАРАА