Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан анхны шуурхай хуралдаанаа хийлээ
Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан анхны сайдын шуурхай хуралдаанаа хийлээ. Яамны газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагуудын удирдлагуудаас мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгавар, чиглэл өглөө.
2019 он гарснаар сайдын шуурхай хуралдаанаар нийт есөн үүрэг даалгавар өгөгдснөөс 100 хувийн биелэлттэй 7 үүрэг, 70 хувийн биелэлттэй хоёр үүрэг байна.
Өнгөрсөн оноос 13 үүрэг он дамжин хийгдэж байгааг яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр шуурхай хуралдаанд танилцууллаа.
Агаарын тээврийн салбарын хувьд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд орон нутгийн чиглэлд нийт 14400, олон улсын чиглэлд 36581 зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 5.7 хувийн өсөлттэй байгааг ИНЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн Завханы нислэгийн шороон зурвас дээр нислэг зогссонтой холбоотойгоор хатуу хачилттай зам тавих талаар өнгөрсөн долоо хоногт “Хурдны зам” компанитай уулзалт хийж ирэх зургаадугаар сарын 15 гэхэд онгоцны нислэгийн замыг бүрэн дуусгахаар хэлэлцэн тохиролцжээ.
Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу зорчих тээврийн хөдөлгөөнтэй уяалдуулан орон нутгийн зорчигч тээврийг нэмэгдүүлэн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцуулж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Ялангуяа Завхан, Увс, Хөвсгөл зэрэг аймгуудад хүйтний эрч ширүүсэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн аюулгүй байдал дээр онцгойлон ажиллаж байгаа аж.
АТҮТ нь өнгөрсөн хугацаанд удирдах ажилтнуудын семинарыг зохион байгуулж, гар утасны апп ашиглан билет худалдах боломжийг бүрдүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХHН-тэй хамтарсан тушаал гаргаж авто тээврээр зорчигч тухайн билетээрээ үргэлжлүүлэн галт тэргээр зорчих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг тайлагнасан юм.
Увс, Завхан, Хөвсгөл аймагт хүйтний эрч чангарсантай холбоотойгоор автозасварын байгууллагуудад шуурхай бэлэн байдалтайгаар ажиллаж байна. Түүнчлэн сар шинийн ачааллыг багасгах зорилгоор Баруун турууны төлбөр авах цэгийг түр шилжүүлж, 61-ын гармаар 3 цэгээр нэвтрэхээр болгосон байна.
Харин “Улаанбаатар төмөр зам” ХHН-ийн өгч буй мэдээллээр нийт 1.745.000 тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 106.9 хувийн биелэлттэй байна. Сар шинийн зорчигч урсгалтай холбогдуулан Дархан, Шарын гол чиглэлд Реэлбус явуулахаар болсон. Станцуудын нүүрсний нөөц хуваарилалт ТЭЦ-2 18 хоног, ТЭЦ-3 14 хоног, ТЭЦ-4 11 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар Автозам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам зэрэг салбаруудын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан харьяа байгууллагууд шуурхай ажиллаж, аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэгдлээ. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг ирэх долоодугаар сард ашиглалтанд оруулахыг Ерөнхий сайд үүрэгдсэнтэй холбоотойгоор шийдвэл зохих асуудлыг дор бүр нь шийдэж ажиллахыг, МИАТ компани Гуанжу, Шанхай нислэгүүдийн үр дүн ямар байх талаар судалгаа дүгнэлтийг нарийвчлан танилцуулахыг үүрэгдлээ.
Авто тээврийн салбарт бүрэн бус техник зорчиж байгаагаас хүний амь нас эрсдэх аюултай тул хяналтыг сайтар тавьж, сахилга хариуцлагыг чанд сахихыг онцгойлон үүрэгдэж хээрийн кемп байгуулах дээр анхаараарай гэлээ. Мөн өндөр тоннын тээврийн хэрэгслийн парктай байх ёстойг хэллээ. Цаашид Гашуунсухайт боомт дээр 140 км болон түүнээс урт цуваа, дараалал үүсгэхгүй байх талаар БНХАУ-ын талтай харилцан тохиролцож тооцоо судалгаа хийх ёстой гэв.
Энэ хавар ажил нь эхлэх Дархан, налайхын чиглэлийн замд онцгойлон анхаарч, ажлыг эрчимжүүлэх, Транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого гаргаж ажиллахыг онцгой анхаарууллаа. Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 125 км замыг барихад анхаарч, санхүүгийн үүсвэрийг бүрдүүлэх талаар судлах хэрэгтэй гэлээ.