Уул уурхайн салбарын ОНЦЛОХ 4 мэдээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.01.31/ болов. Салбарын орлого өсч, газрын тос болон бусад бүтээгдэхүүн ч урьд хожид байгаагүйгээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Уул уурхайн салбар хөрш гүрнүүдийн бодлоготой уялдуулан хөгжиж, хууль бусаар олгогдсон лицензүүдийг цэгцэлнэ гэдгээ ч салбарын сайд нь хэлэв. Уул уурхайн салбарын онцлох мэдээллийг та бүхэнд хүргэе.
Аж үйлдвэрийн салбарын өсөлт
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2018 улам идэвхжсэн жил байжээ. Салбарын хувьд 50 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 20.7 тонн алт, 5.5 мянган тонн молибдены баяжмал, 6.4 сая баррель газрын тос 14.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Газрын тос, зэсийн баяжмал, молибдены баяжмал л 3-5 хувиар буурч бусад нь 6-40 гаруй хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх онд 18.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 3.1 их наядаар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс уул уурхайн салбар дангаараа 12.7 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Ялангуяа нүүрс, металлын хүдрийн борлуулалт нэмэгдсэн нь уул уурхайн салбарын өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.7 хувийг эзэлж байгаа эгсэн судалгаа гарчээ.
Газрын тосны үнэ тогтвортой байна
Дэлхийн зах зээл болон ОХУ-ын хилийн үнээс шалтгаалан өнгөрсөн жил дөрвөнтөө өссөн шатахууны үнэ энэ жил харьцангуй тогтвортой байна гэж салбар яам дүгнэж байна. ОХУ-ын хилийн үнэ буурсантай холбоотойгоор энэ он гарснаас хойш хоёр ч удаа бууруулах арга хэмжээ авсан. Тодруулбал А-80 автобензин 76-100, АИ-92 автобензин 89-100, АИ-95 автобензин 70-100, дизелийн түлш 80-100 төгрөгөөр тус тус буурсан юм.
“Харьцангуй тогтвортой байна гэж харж байгаа. ОХУ-ын хилийн үнэ ч буурч байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны салбар ч тогтворжиж ирлээ. Харин керосин шахдаг, чанаргүй шатахуун нийлүүлдэг асуудал дээр бид онцгойлон анхаарал хандуулна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьлаа.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс АИ-92 автобензин 37 хоног, дизелийн түлш 35 хоногийн нөөцтэй байгаа аж. Улсын хэмээнд 2018 онд нийт 6.4 сая баррель газрын тос олборлон, 6.1 сая баррель газрын тос экспортолжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн оргил үзүүлэлт юм.
Австралитай уул уурхайн салбарт хамтарна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, жонш, шороон орд, төмөр, газрын тос гэсэн таван чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Энэ ажлын хүрээнд хайгуулын ажилд ашиглах аргачилсан зөвлөмж боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх гэж байна. Австралийн хөрөнгө оруулалтаар “Elixir Petroleum” компани “Номгон 9” талбайд метан хийн олборлолт эхлэхээр зэхэж байгаа бол “Viking Mines” компани нүүрсний хоёр ч томоохон төслийг 100 хувь эзэмшиж буй билээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ногдол ашиг тараана
Энэ оны нэгдүгээр улиралд багтаан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг тараахаар болоод байна. Монгол Улсын засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм. Одоогоор энэ хувьцааг 2.5 сая ирэн эзэмшдэг аж.
Салбарын сайд Д.Сумъяабазар Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах асуудлаар хөрөнгө оруулагчидтай санал солилцсон байна.