2019.01.30
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ээж хүү хоёрыг байртай болгожээ
Энэ бүсгүйг С.Шүрэнцэцэг гэнэ. Соёлын салбарт 14 жил ажилласан тэрээр сайн дурын "Үйлст Бор-Өндөр" гэх ТББ ажиллуулдаг. Одоогоос зургаан жилийн өмнө түүний хүүд тархины саажилт, уналт таталт илэрч, хөдөө орон нутгаас хотод суурьшжээ.
Тэрээр хүүгийнхээ төлөө хийж болох бүхнийг зориглон хийж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хүүгээ хөгжүүлэх боломжтой цэцэрлэг, сургууль элэрхийлсээр ирсэн. Үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцээд гүйхийг туйлаас их хүсч мөрөөдөх хүүгийнхээ сэтгэлийг эх хүн тайлан уншиж, хайрт үрийнхээ төлөө шантралгүй тэмцсээр байгаа. С.Шүрэнцэцэгт сэтгэлийн дэм өгөх, туслах иргэд цөөнгүй байгаа бөгөөд хандив тусламжийг өдий хүртэл харамгүй хайрласаар байгаа юм.
Сар шинийн баярын босгон дээр ээж хүү хоёрт нэгэн баярт үйл явдал тохиолджээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүний соёлын салбарт ажилласан хичээл зүгтэлийг нь хүндэтгэн нийслэл хотод амьдрах байраар хангажээ. С.Шүрэнцэцэг энэ үйлсэд талархан өөрийн нүүр хуудсаар дамжуулан БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа болон түүний хүүд тусалж дэмжиж ирсэн хүмүүс болоод Монголын нийт эцэг эх, алаг үрсдээ баярлаж байгаагаа мэдэгдсэн байна.