"Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд эрх мэдлийн төлөө УИХ-ыг гацааж байна"
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нарын гишүүд өнөөдөр /2018.12.14/ мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн байна.
Энэхүү шаардлагад, Монгол төрд үеийн үед ажиллаж байсан ахмад гишүүдэд Чингис бонд, АСЕМ, С.Зориг, Цэвэр агаар сангийн олон хэрэг байсныг шуурхай шалгаж, манлайлж ажиллах боломж байсан. Харамсалтай нь, та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр хүлээсэн шударга ёсны хүлээлтийг хангаж ажиллаж чадсангүй. Одоо та бүхэнд УИХ-ын гишүүний ажлаас өөр нэмж, давхарлан өмсөх дээл хэрэггүй. Иймд, УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдсэн хугацаанд үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлан байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон тангаргаа биелүүлж ажиллахыг шаардаж байна. Бидний шаардлагыг үл хүндэтгэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно. Энэхүү шаардлага эрүүл, ёс зүйтэй хандана гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа, О.Содбилэг, Н.Амарзаяа, Н.Номтойбаяр нарын гишүүд тус шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:
Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна гэсэн юм.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
–МАНАН-гийн хонгил байдаг, энэ хонгилд гэрэл тусгах ёстой гэж зарим төрийн өндөр албан тушаалтан хэлээд байгаа. Энэ нэр бүхийн ахмад гишүүд энэ хонгилд багтах уу?
-Хэрэв МАНАН-гийн хонгил гэдэг нь үнэн юм бол энэ 28 жил олон удаа сонгогдож, Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан энэ хүмүүс хаана байсан юм. Хэрэв тийм зүйл байгаа бол тэд ч бас оролцсон.
-УИХ-ын бүх гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суух эрх нь бий шүү дээ?
-Монгол Улсын парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад ахмад гишүүд үлгэр дуурайл болж, манлайлж оролцох ёстой гэж бид бодож байгаа. Ямар цаг үед нь орж ирж, ямар цаг үед нь чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ. Ялангуяа ахмад гишүүдийн зүгээс залуу гишүүдээ уриалж, парламентынхаа үйл ажиллагаанд орж ирээд явах болов уу гэж бодож УИХ-ын хамгийн ахмад дөрвөн гишүүнд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд чуулганы хуралдаандаа орж ирээд картаа аваад, би хуралдаа суух эрх нь миний эрх гээд Ц.Нямдорж сайд маань гараад явсан. Уг нь ахмад парламентчид маань залуу гишүүдээ уриалж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ёстой байсан. Гэвч тэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Цаашид бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол бид бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг тавих болно.
-Хэрэв та бүхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?
-УИХ-ын гишүүнээс татгалзуулах асуудлыг тойргийн сонгогчидтой нь хамт тавьж, шаардах болно.
-Танай намын дотоод зөрчлийг арилгах хоёр талаас тодорхой гишүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн гэсэн. Та бүхэн тодорхой шийдэлд хүрээд төрийн ажлыг тасралтгүй явуулж болдоггүй юм уу?
-Хоёр талаас дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн даргын санаачлагаар хоёр талаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл болгож уулзалт хийсэн. Хоёр ч удаа уулзалт хийсэн боловч харамсалтай нь нааштай хариу өгөгдөөгүй гэж би ойлгосон.
-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын даргад өчигдөр бичиг өгсөн байсан. Миний ойлгосноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, хуулийн ямар үндэслэл байгааг тогтоож, дүгнэлтээ гаргах байх. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Эрх зүйт төрд ажиллаж байгаа бол УИХ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.
ШААРДЛАГА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд Mонголын ард түмний итгэлийг хүлээж хамгийн олон удаа сонгогдсон Эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд Та бүхэнд залуу гишүүдийн хувьд дараах шаардлагыг хүргүүлж байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаад дотоодын хөрөнгө оруулалт саарч, валютын ханшийн өсөлтөөс улбаалсан бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж цас зудын хүндрэл малчин түмний ахуй нөхцөлд аюулын харанга дэлдэж, агаарын бохирдол, утааны гамшигт иргэд нэрвэгдэж, өнөө маргаашгүй тулгамдсан олон ажлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байгаа энэ эгзэгтэй цаг үед Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах ажлыг Эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд Та бүхэн манлайлан зохион байгуулж байгаад бид гүнээ харамсаж байна.
УИХ-д хамгийн олон удаа буюу 7 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дарга, 1 удаа УИХ-ын дэд дарга, 4 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж, УИХ-д 5 удаа сонгогдож, МАН-ын дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин, УИХ-д 5 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дэд дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа БХ-ын сайд Нямаагийн Энхболд, УИХ-д 6 удаа сонгогдож, 5 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, одоо Засгийн газрын гишүүнээр 6 дахь удаагаа ажиллахаар нэр дэвшээд байгаа Чүлтэмийн Улаан нар Та бүхэн өөрсдийн улстөрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, хоцрогдсон ч гэсэн “гаршсан” башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, Монгол Улсын Их Хурлын тасралтгүй жигд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг боогдуулж, өнөөдрийн үүсээд байгаа улстөрийн энэ мухардмал нөхцөл байдал руу түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд “хар толбо” болж, Та бүхний нэртэй хамт “данслагдах” болоод байна гэдгийг зориуд сануулъя. Хэдийгээр Та бүхэн наанаа ил гарахгүй, УИХ-ын хамгийн цэвэрхэн гартай, цэвэрхэн царайтай, цэвэрхэн яриатай, шударга ёсны нэгэн үнэлэмж болсон дүртэй харагдавч, далдуур явуулж байгаа бодлого үйлдлээрээ УИХ-ын даргын болон Засгийн газрын өндөр албан тушаалд “горилогч” мөн гэж өөрсдийгөө “илчлээд” байгаагаа санаж мэдрэх мэдрэмж тань дутагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн өнөөдрийг хүртэлх энэ олон жил үнэхээр МАНАН бүлэглэл баттай оршиж “шударга бусын хонгил” гээчийг бий болгосон нь үнэн юм бол Монгол улс ардчиллын замаар замнасан сүүлийн 28 жил төрийн болон улстөрийн өндөр албан тушаалуудад олонтаа сонгогдож, томилогдож ажилласан Та бүхэн энэхүү “хонгил”-ыг хамтран бүтээлцсэн “бүтээгчид” гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
“Хөнжил дотроо хууль зассан” асуудлаар хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргаасаа огцорч байсан ч, намаа шат шатны сонгуульд ялагдуулж, улстөрийн алдаа дутагдал гаргаж байсан ч, намын болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг үйлдэл гаргаж байсан ч бидний залуу гишүүд монгол хүний ах захын ёс жудагаа ч бодож, туулж ирсэн туршлага сургамжийг нь ч бодож Та бүхэнд хүндэтгэлтэй хандан, “улстөрийн хоймортоо” залсаар ирсэндээ харамсч байна. Монгол төрд үеийн үед ажиллаж байсан Төрийн түшээ, “туршлагатай ахмад гишүүн” хэмээх эрхэм хүндтэй нэр хүндийг Та бүхэн сэвтээж, ахмад гишүүнийхээ “ноён нуруу”-г Та бүхэн “хугалж” байна.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49%, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банк, АСЕМ-ын хэрэг, “Төмөр замын 280 сая долларын хэрэг”, “Зоригийн хэрэг”, “Цэвэр агаар” сангийн хэрэг гээд дуулиант олон хэргүүдийг шуурхай шалгаж, хариуцлага тооцон, манлайлан ажиллах боломж Та бүхэнд байлаа. Харамсалтай нь Та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр итгэж хүлээсэн шударга ёсны энэхүү хүлээлтийг хангаж ажиллаж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Одоо Та бүхэнд УИХ-ын гишүүнийхээ ажлаас өөр нэмж давхарлан өмсөх дээл хэрэггүй бөгөөд, одоо нэгэнт нэмж дээл давхарлаад ч даахгүй болсон байна гэдгийг энд бас сануулж хэлье.
Иймд УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдэж байгаа хугацаанд Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж, байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхитэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна.
Бидний шаардлагыг үл хэрэгсэн, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлэх аваас Та бүхнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно гэдгийг анхааруулж байна.
Энэхүү шаардлагыг эрүүлээр харж, шүүмжлэлд ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.
Ш.ЧИМЭГ