Монгол, Лаосын засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болов
2018.12.03

Монгол, Лаосын засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс,  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын  ээлжит өнөөдөр  Гадаад харилцааны яаманд  болов.

ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцов.


Тус хуралдаанаар Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, ЗГХК-ын 10 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Талууд Монгол, Лаосын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улсад хөдөө аж ахуйн зориулалтаар 10.000 га газар түрээсээр ашиглуулах тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тухай хэлэлцэв. Мөн Монгол, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зам, тээврийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжаар БНАЛАУ-д 1050 хонь бэлэглэсэнд лаосын тал талархал илэрхийлэв. 
Монголын тал гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг  тавив.

Хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачлагыг дэмжижажиллах нь зүйтэй гэж талууд үзэв.

Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэх, АСЕАН-ы зах зээлд орох, худалдаа хийхэд лаосын тал дэмжихээ илэрхийлэв.
 

Энэ үеэр Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах ЭМЯ хоорондын протокол, ЗГХК-ын 11 дүгээр хуралдааны протоколд тус тус  гарын үсэг зурж, Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонгийг хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол, Лаосын найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх,  худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.