НББСШУ-ны байнгын хорооны дарга хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2018.11.20) хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар хийж байгаа ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах зорилготой тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байр гарган авч ажиллуулах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, зориулалтын дэд бүтэц бий болгох зэргээр нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж байгаа ажлаа байгууллагуудын төлөөлөгчид танилцуулахын зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа ярив.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс хийсэн мэдээлэлдээ, 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага 25 хүнд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ногдох байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах журмыг зарим салбар байгууллагууд огт хэрэгжүүлэхгүй байгааг онцлон дурьдсан. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг огт ажиллуулахгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон хэмээв.
Байгууллагуудын тайлан мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр байгууллагууд хойрго ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах болон бусад хүрээнд чанартай ажил хийхийг даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.