"Эмийн хүртээмжийг сайжруулах нь" сэдэвт олон улсын хурал зохион байгуулж байна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны 8967-МОН төсөл эрүүл мэндийн салбарт 2016-2018 онд дараах 3 чиглэлээр хэрэгжүүллээ.
- Үндэсний хэмжээнд улсын эмнэлгүүдийн эмийг хэрэгцээг нэгтгэн худалдан авалтын шинэ систем нэвтрүүлэх;
- Улсын эмнэлгүүдийн эмийн санг амбулаториор үйлчилдэг болгон өөрчлөх;
- Эмийн зохицуулалтын чиг үүргийг бэхжүүлэх.
Энэхүү төсөл нь Монгол улсад олон улсын зарим шилдэг туршлагыг нэвтрүүлж, хүний нөөцийг сургаж ажилласан байна. Тухайлбал: 2018 онд улсын хэмжээнд төрийн эмчийн эмнэлгүүдэд 17 нэрийн зайлшгүй шаардлагатай эмийн хэрэгцээг нэгтгэн, Ерөнхий гэрээ байгуулах аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2018 оны 10 дугаар сарын байдлаар 285 сая төгрөгийн хэмнэлт бий болгосон.
Төслийн зөвлөх баг нь сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, сумын нэгдсэн эмнэлэгт нэгтгэх зөвлөмж боловсруулж, улсын эмнэлгүүдийн эмийн санг амбулаториор үйлчилдэг болгох талаар шинэ мэдээллэл солилцох, хүний нөөцийг чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулсан.
Эмийн зохицуулалтын чиглэлээр Шинэ Зеланд, Португали, Австри зэрэг улсын туршлагыг судалж, Монгол улсад нэвтрүүлэх боломжтой үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Манай улс 1991 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд “Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” зайлшгүй шаардлагатай эмийн үзэл баримтлал дээр тулгуурласан эмийн үндэсний бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улсын эм хангамжийн салбарт одоогийн байдлаар шинжлэх ухааны академик болон олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, үндэсний үйлдвэр, эмийн санд 4000 гаруй эм зүйч, эм найруулагч ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт давхардсан тоогоор 300 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүний ханган нийлүүлэх байгууллага, үндэсний 46 эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт, ариутгал халдваргүйтгэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр, 1000 гаруй эмийн сан, төв болон тусгай мэргэжлийн төв хувийн хэвшилийн эмнэлгүүд, 21 аймаг, 310 суманд эмнэлгийн болон эмийн эргэлтийн сан тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажллаж байна.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс эмийн бодлогыг зохижуулах талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан эм зүйн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эмийн хангамж, түгээлт, үндэсний эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр нилээд арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Эмийн зохицуулалтын агентлаг, Антибиотикийн зохистой хэрэглээ, Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаа, Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, Иргэний эрх үүргийг нэмж тусган холбогдох төрийн байгууллага болон ТББ-аас саналыг авч хэлэлцүүлэг зохион байгуулж өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудад зөвлөмж болгож буй Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 тушаалаар баталсан.
Мөн эмийн сангийн жор баригч нар антибиотикийг эмчийн жороор олгон, жоргүй тохиолдолд олгохгүй болж, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж антибиотикийг зөвхөн жороор олгон нянгийн тэсвэржилтээс сэргийлж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ахиц, дэвшил гарч байна.
Үндэсний үйлдвэрт импортыг орлох зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэн Эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын батламж олгох журмыг шинэчлэн баталж, Эмийн үйлдвэрт тавигдах MNS 5524-2014 стандартын шаардлага хангасан “Айвико”, “Монос”, “Нахиа”, “Энхийн шүүдэр” үйлдвэрүүдэд Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж олгоод байна.
Эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, хүний нөөцийг бэлтгэх, эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанаас эхлэн эцсийн хэрэглэгчид очих хүртэлх эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамарсан цогц мэдээллийн систем бий болгох зорилгоор “Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоо”-г нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан эмийн зохицуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эм зүйн салбарын ил тод, хариуцлагатай байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал байна.
Эрүүл мэндийг салбарт оруулж байгаа АХБ-ны хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол улсын “Эмийн зохицуулалтын үйл ажиллагаа”-г дэлхийн жишигт ойртуулах туршлага, чадавхжуулах судалгаа, шинжилгээ, зөвлөмж, техник туслалцааны тайланг цаашид хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах шаардлага тавигдаж байна.