Налайх дүүрэгт 150 хүүхэд хүлээн авах цэцэрлэг барина
Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслолын ажиллагаа болов.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Хүүхдийн боловсрол хамгийн чухал асуудал. Цэцэрлэг хүртээмжтэй болсноор ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, тэгш боловсрол эзэмшихийн зэрэгцээ, эцэг эхчүүд сэтгэл амгалан ажлаа хийх боломж бүрдэх юм. Налайх дүүргийн 1 болон 7 дугаар хороо нь дундаа нэг цэцэрлэгтэй байсан. Харин энэ цэцэрлэгийг барьснаар 150 хүүхдийн сурах эрхийг бүрдүүлнэ” гэв.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 1,7-р хороонд харъяалагдах хүүхдүүдийг хамруулах юм байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг “Оточ ноёдууд” ХХК гүйцэтгэх бөгөөд энэ ондоо багтаж суурийн ажлыг эхлүүлэн ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах аж.
Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 3658 хүүхэд байдгаас 2377 нь цэцэрлэгт хүмүүждэг байна.
Дашрамд дурдахад Налайх дүүрэгт дээрх цэцэрлэгээс гадна 3 дугаар хороонд улсын төсвөөр, мөн Катар Улсын хөрөнгө оруулалтаар 4, 6, 7 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барина гэдгийг албаныхан дуулгалаа.