Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв
2018.03.14

Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм. Тэрээр саяхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохиогдсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын тэмцээнд 236 кг-ыг шахаж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Д.Отгондалай өнгөрсөн онд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тамирчид удахгүй болох олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна.