2011.10.04

Ж.Сүхбаатар: Гишүүдийн тоог нэмэх тухай намайг ярихаар УИХ-аас гарвал таарна гэж байна билээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Жендерийн үндэсний хороо хамтран "Эмэгтэйчүүд чадна" сэдвээр аян өрнүүлэхгэж байгаа тухай хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон. Харин дараа нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариуллаа.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-УИХ-ын хамгийн сүүлийн намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд өмнөө тавьсан олон зорилтуудаа хэрэгжүүлээд явж байгаа. Зарим нэг шийдэгдээгүй том асуудлууд энэ чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Сонгуулийн хууль л гэхэд Монголын улс төрийн тогтвортой байдал цаашид яаж хангагдах вэ, төрт ёсны аюулгүй байдал хэрхэн дархлаажих вэ гэдгийг шийдэх түлхүүр асуудал болоод байгаа. Мөн төсвийн шинэчлэлттэй холбоотой Төсвийн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуу-дал хүлээгдэж байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх цаг бидэнд бага байгаа.
Энэ нь биднээс асуудлыг цаг хугацаа алдалгүй, шахуу, хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.
УИХ дахь намын бүлгүүд хамтран ажиллаж энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Манай байнгын хорооны зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан асуудлуудаа бүгдийг нь хэлэлцүүлэхээр зорьж байна. Тэр дундаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн, батлуулахын төлөө хичээж ажиллана.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар шатандаа явж байгаа вэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт хамаарна гэсэн зүйл байна?
-Энэ асуудлаар хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Нэмэлт засвар оруулах нийгэм, улс төр, төрийн ажлыг сайжруулах хяналт хариуцлагын системийн гэсэн гурван шаардлага байна. 2008 оны парламент сонгогдохоос өмнө хоёр намын бүлэг зөвшилцлийн ажлыг хэсэг УИХ дээр байгуулж, баримт бичиг гарын үсэг зурж байсан. Ингэхдээ Сонгуулийн хууль, Үндсэн хууль дээр шинэчлэлт хийхээр тохиролцсон. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр ч удаа өргөн барьсан. Үүнээс харахад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ 2008 оноос эхлэн ярьж эхэлсэн. Үүний эхний алхам 2000 онд болж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ажил багагүй хэл ам, маргаан дагуулсан. Тиймээс 2009-2010 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргаж, хэрхэн яаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ямар зүйлд нь өөрчлөлт оруулж болохгүй вэ гэдэг хязгаарыг хийж өгсөн.
-Энэ хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсгийн ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ ажлын хэсгийн ахлагчаар намайг томилж ажиллуулсан. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг байгуулсан. Эдгээрийн 20 орчим нь УИХ-ын гишүүн. Бид нийгмийн хэрэгцээ шаардлагыг тандах үүднээс орон нутгийн 40 орчим мянган хүнээс судалгаа авсан. Үүний 50 гаруй хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Эдгээрээс гадна олон зуун санал ирсэн. Энэ бүхнийг харгалзан үзээд нийгмийн хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн.

Улстөрчид, эрдэмтэн судлаачдын хувьд 20 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж ярьж ирсэн.
Мөн орон нутагт өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа энэ үед төрийн удирдах ёсны оновчтой тогтолцоо байна уу, үгүй юу. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрынхаа өмнө хариуцлага хүлээж чадаж байна уу, хот тосгоны засаг захиргааны нэгжүүд ямар харилцаатай байх юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай байна. Үүний дагуу бид төслөө бэлтгэж, бэлэн болголоо.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр сонгогдож болдог заалт шүүмжлэлд их өртдөг.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг хэрхэн өөрчилж , байгаа вэ?
-УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний бүрэлдэхүүний 3/1-ээс илүүгүй хэсгийг бүрдүүлж болно гэж тусгасан. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагууд буюу аймаг, нийслэл, баг, хороо Үндсэн хуульд заасан эрх хэмжээгээ зөрчиж байвал өөрсдөө Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргаж, эрх ашгаа хамгаалдаг болгох талаар тусгаж өгсөн байгаа.
-Хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 99 болгох асуудал орсон байсан. Гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа хэрэг үү?
-Энэ асуудалд гишүүд янз  бүрийн зүйл ярьж байсан. Гэхдээ үүнийг гэнэтхэн нэг  хүн бодож байгаад хийгээгүй. Хоёр танхимтай парламенттай болъё гэсэн асуудлыг иргэд, эрдэмтэн, улстөрч нийлсэн цөөнгүй тооны хүмүүсээс санал, санаачилга гаргасан. Хоёр танхимтай парламент гэдэг одоогийн байгаа 76 гишүүнтэй парламентаасаа бүрэлдэхүүн, бүтцийн хувьд илүү өргөтгөсөн хувилбар шүү дээ. Парламентын хяналт, хариуцлага, ардчилал талаас нь хоёр танхимтай парламентыг нэг хэсэг хүн тайлбарладаг. Нөгөө хэсэг нь манай парламент өөртөө зориулж төсөв баталж, дур зоргоороо аашилдаг гэдэг. Бүр нөгөө талд энэ эрх мэдлийг хязгаарлахын тулд тоог нь цөөлье гэсэн санал гаргадаг.
Тэд улс төрийн товчоо шиг есөн хүнтэй болгоё. Эсвэл зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэдэг.
Гэтэл одоо Монгол Улс хоёр сая гаруй хүн амтай болж, нийгмийн бүтэц давхаргад өөрчлөлт оржээ. Гэтэл парламент гэдэг нийгмийн төлөөллийн, зөвшилцлийн байгууллага. Энэ байгууллагад нийгмийн давхарга бүрийн сонирхлын бүлэг өөрийн төлөөллөө оруулахыг зорьж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол нийгмийн  зөвшилцлийг хангадаг, харилцан буулт хийдэг, олон түмний төлөөллийг агуулдаг парламентын байгууллага. Шулуухан хэлэхэд, парламентад хоёр намаар шууд дамжин тогтож байгаа одоогийн систем нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байна. ингэж явахаар ялалт байгуулсан нам нь нөгөөдөө тулгах замаар асуудлыг шийдэж, дарангуйлал, авилгажилт гээд олон сөрөг үр дагавар гаргаж байна. Тиймээс парламентаа өргөтгөе гэж байгаа юм. Энийг ярихаар зарим хүн намайг энэ УИХ-аас гарвал таарна гэж байна билээ.
-Зарим хүмүүс нэмэх биш, цөөлөх тухай ярьж байсан. Гишүүд нэмэгдээд ямар ч ач холбогдол байхгүй ч гэдэг юм уу. Тодорхой байр сууриудыг илэрхийлж байсан?
-Ардчилсан нийгмийн стандарт гэж бий. Энэ стандартаар цөөн хүнд эрх мэдэл өгвөл олигархижиж, тэднийг хянах боломж хумигддаг гэж үздэг. Одоо манайхан 76-гаа 50,30, ес болгоё гэж байна. Үүнийг энгийн ухамсрын төвшинд бодохоор болох зүйл мэт харагддаг. Энэ тоог цөөлөх тусам дарга шинж нь улам нэмэгддэг. Өнөөдөр 76 хүн үнэтэй болоод байна. Тэгтэл энэ тоог 50 болговол үнэ цэн нь улам нэмэгдэнэ. Аль ч улс орны парламент 90-100 хүнтэй байж хяналт, хариуцлага нь балансждаг гэж үздэг. Энэ бүхнийг үзсэн зарим хүн нэртэйгээр нь 999 болгочих гэж байсан. 999 болгож болно. Тэгвэл энэ парламентыг хэн ч тоодоггүй болно.
Тоо нь өсөхийн хэрээр дарга шинж нь багасаж, төлөөлөгч шинж нь давамгайлна.
Манайх шиг хүн амтай улсад 76 гишүүнтэй парламент байгаа өөр улс дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй. Жишээ татахад, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 22 гишүүнтэй. 11 гишүүн нь байхад бид ирц хүрч байна гэж үзээд хурлаа явуулдаг. Эдгээр хуралд оролцсон гишүүний зургаагийн саналаар төрийн бодлого тодорхойлогддог. Аль ч улсын парламентын гишүүдтэй энэ асуудлыг ярихад гайхдаг.
-Энэ төслөө Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барьсан уу?
-Өргөн барьсан.
-Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа байх аа?
-Ерөнхийлөгч албан ёсоор өөрийн санал бодлоо хэлэх ёстой. Албан тасалгаанд,хурлын зааланд алга ташуулдаг байж болно. Ажил хийдэг хүн бол алхам алхмаар урагшлах ёстой. Энэ ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагаар хийж байна. Би энэ ажлыг урагшлуулах ёстой. Цаг хугацаа бага байна. Цаг нь болоогүй гэдэг надад үндэслэл биш. Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй, хориглон гацааж байгаа хүн маргааш, ирэх жил энэ асуудал босож ирэхэд хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хэлж байгаа байр сууриа олон түмэнд илэрхийлж, сонгуулийн дараа хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн шинэчлэлийг ямар шалтгаанаар дэмжихгүй байгаа юм бэ, 50-ийг гаргамаар байгаа юм бол түүнийгээ хэл. Одоогийн 76-г чанаржуулна гэж байна. Хэчнээн тэлчлээд энэ бүрэлдэхүүн нийгмийн төлөөллөө хангаж чадахгүй байна. Энэ алхам ирэх жил, эсвэл тэрний дараа жил хийгдэнэ гэдгийг би баттай хэлье. Алга ташуулж болно, энэ урлагийн тайз биш шүү.
Нийтлэлч
Б.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.